ДОРНОГОВЬ: Хиймэл дагуулын судалгаагаар ургамлан нөмрөг 10 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-26 12:14:40

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, тогтвортой ногоон байгууламжийг бий болгох зорилгоор  хэрэгжүүлж байгаа “Шамбала-2056 инженерийн суурин төсөл Эрдэнэ сумын Төхөмийн хөндийн Ар цацын ус хэмээх газарт тав дахь жилдээ хэрэгжиж байна.



2019 оны үеийн зураг


Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар газрын доройтолд орсон 130.000 м.кв талбайд 66857 мод тарьж, дэлхийд томоохонд тооцогдох хоёр орон зайн урлагийг (Land art) бүтээгээд байна. Говь нутагт нүүрлээд буй цөлжилтийн эсрэг, эко системийг сэргээхэд хувь нэмрээ оруулж байгаа энэхүү төслийн үйл ажиллагааг НАСА-гийн "MODIS Sentinel-5 p Sentinel-2" хиймэл дагуулаар судлахад тус талбайг мод тарихаас өмнөх үетэй харьцуулахад ургамлан нөмрөг 10 дахин нэмэгдсэнийг хөндлөнгийн хяналтын компаниуд онцолжээ.


Энэ нь Дорноговь аймагт нэг дор хамгийн том талбайд хамгийн олон модыг тарьж амжилттай ургуулж буй нутаг дэвсгэр болсон байна. "Шамбала-2056" инженерийн суурин 2024-2026 оны хооронд нэмж 100.000 мод тарихаар зорьж байгаа аж.



2024 он


Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр Дорноговь аймгийн нийт газар нутгийн 70-80 гаруй хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн судалгаа бий. Дээрх төслийг ойн инженер мэргэжилтэй Б.Шижирбат гэдэг залуу “Говийн дурсамж” нэртэй анх санаачлан хэрэгжүүлснээс хойш олон залуусаар багаа бүрдүүлж, эдүгээ говь нутагт томоохон бүтээн байгуулалт болгон үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ