ДАРХАН-УУЛ: Шинэ спорт цогцолбор шилдэг бүтээн байгуулалтаар шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно 2024” тэргүүн наадам ёслол төгөлдөр болсон. Тэгвэл энэ оны шилдэг спортын бүтээн байгуулалтаар “Дархан Юнайтед Арена” спорт цогцолбор шалгарчээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Батсүх өчигдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд шилдэг бүтээн байгуулалтын цомыг гардуулав.
Хүндтэй цомыг хүлээн авч байгаадаа баяртай байна. Шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан спорт цогцолбор, орон нутагтаа анхдагч бүтээн байгуулалт болсон ордон маань тамирчдад үргэлж нээлттэй байна гэж аймгийн Засаг дарга онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 2200 хүний суудалтай “Дархан Юнайтед Арена” цогцолбор өнгөрсөн зун ашиглалтад орсноос хойш улс, бүс, хотын тэмцээнүүдээс гадна сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн цуврал тоглолтуудыг амжилттай зохион байгуулж байна.