Дэлхийн болон Монголын хаан хуурын гайхамшгууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд уриатай Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монголын урлагийг дэлхийн дэвжээнд хүргэсэн, Дэлхийн урлагийг Монголын тайзнаа амилуулсан 2 эрхэм сайхан уран бүтээлчийг төрөлх тайзан дээр нь урьж ярилцсан юм. Тэд бол Монголын хаан хуур морин хуур, Дэлхийн сонгодог хөгжмийн хаан хуур пианофорте хэмээх 2 гайхамшигт хөгжмийг гарамгай эзэмшсэн, МУАЖ, СУИС-ийн зөвлөх профессор, төгөлдөр хуурч Тувааны Цолмон, Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн, Монгол Улсын морин хуурын чуулгын удирдаач, гоцлол хөгжимчин Нанзаддоржийн Жигжиддорж нар юм.
Хөгжим гэдэг үггүй урлаг долоон тивийн хүн төрөлхтөнд ямархан янзаар хүрэхийг таашгүй ч хэн хөмүний сэтгэлийн гүнд хил хязгааргүй нэвтрэхүйн их увдистай билээ. Харин хөгжимчин хүн хөгжмийг хэрхэн тодорхойлохыг сонирхсон миний асуултад, Т.Цолмон багш “Миний хувьд үгээр илэрхийлшгүй тийм гайхамшигтай ертөнц бол хөгжим юм” хэмээн хариулсан бол, морин хуурч Ж.Жигжиддорж “Булган багшийнхаа дэргэд хөгжмийг тодорхойлно гэдэг миний хувьд хэтийдсэн хэрэг болно” хэмээсэн юм. Монголын гялалзаж яваа залуу “Од”-ын энэхүү даруухан хариулт хөгжмийн ертөнцөд амьдралынхаа нэгэн жарны турш зүтгэж, Монголын хөгжмийн урлагийн сор болсон ахмад уран бүтээлчийг бишрэн хүндэтгэх сэтгэлийн илэрхийлэл байв. Ийнхүү бидэн гурвын яриа хүндэтгэл, бахархлын уур амьсгал дор өрнөсөн юм.
-Бидний урилгыг хүлээн авсан та хоёртоо баярлалаа. Эхний асуултыг Т.Цолмон багшид тавих хүсэлтэй байна. Төгөлдөр хуурч хүн юунд зорьж тэмүүлдэг вэ?
Т.Цолмон: -Төгөлдөр хуурч хүний зорилго бол маш том, их өргөн хүрээтэй, олон зүйлийг агуулсан их том ертөнц юм. Олон хөгжим дундаас төгөлдөр хуур хамгийн урт түүх, хамгийн том урын сантай. Бүх үеийн хөгжмийн зохиолчид бүгдээрээ төгөлдөр хуурт зориулж уран бүтээлээ хийсэн байдаг. Дэлхийн шилдэг том том хөгжмийн зохиолчид өөрсдөө мундаг төгөлдөр хуурчид байв.
Би бол багш хүн. Олон шавь төгсгөлөө. Төгөлдөр хуур хөгжмийн урын сан маш баялаг учраас нэг хүүхдэд нэг адилхан бүтээл өгч болдоггүй. Тиймээс төгөлдөр хуурч хүнээс гоц авьяасаас гадна, их том боловсрол шаарддаг. Боловсрол нь яг юундаа байх вэ гэхээр, маш олон хөгжмийг эхнээс нь дуустал мэдэх ёстой болдог. Би тухайн бүтээлийг стилээр нь мэдэрсний үндсэн дээр шавьдаа сургахыг эрмэлздэг. Тэгэхээр төгөлдөр хуурын багш хүн хамгийн түрүүнд өөрөө тоглогч байх хэрэгтэй юм. Төгөлдөр хуурт зориулсан тэр том бүтээлүүдийг сэтгэл, бие, толгойгоороо мэдэрч байж багшилна уу гэхээс өөрөө тоглоогүй хүн сурагчид хичээл заана гэдэг асуудалтай санагддаг.
- Дэлхий даяар пианофорте гэж нэрлэдэг хөгжмийг
монголчууд төгөлдөр хуур гэж маш гоё монголчилсон. Энэ хөгжим өнөөгийн өнгө
төрхөө олсон түүхийг 18-р зууны эхэн үетэй холбож бичсэн байх юм. Ер нь хэдий
үед үүссэн гэж үздэг юм бол?
-Тийм
ээ, төгөлдөр хуур гэж их сайхан монголчилж нэрлэсэн байгаа юм шүү. Төгөлдөр
хуурын үүслийг нь яривал их урт түүх болно. Харин яг одоогийн төгөлдөр хуурын
төрхөө олсныг нь дурдвал XVII зууны сүүлч, XVIII зууны эхэн үеийг гэж нэрлэдэг. Людвиг ван Бетховены үе
хүртэл төгөлдөр хуур бол жижигхэн байсан. Ф.Шопеноос эхлээд октавууд нь томроод
эхэлсэн байдаг л даа.
- Морин хуур
хөгжмийн түүхийг мөн л маш эртний үед хамаатуулдаг. Баримтат түүхээр 13-р зууны
эхэн үед үүссэн гэж үздэг юм байна. Морин хуур хөгжим өдгөө хөгжлийнхөө ямар
үед явна вэ?
Ж.Жигжиддорж: Морин хуур бол дэлхийн нумт хөгжмийн анхдагчдын нэг гэж үздэг. Италид морин хийл альт гэдэг сонгодог болсон хөгжмийн зэмсэг байдаг бол, Азид ардын хөгжмийн зэмсгүүдээс нэлээд эртний гарвалтай, тэр дундаа нумт чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн дунд ч нэлээд эртний түүхтэй хөгжмийн зэмсгүүдийн нэг нь морин хуур маань юм.
Үүслийг нь яг нарийн тодорхойлсон зүйл байдаггүй. Морин хуур бол Монголын өвөг зэмсэг, уртын дуу, татлага зэрэг ардын язгуур бүтээлүүдийг тоглож өвлөгдөж ирсэн бол 1940-өөд оноос хойш Хөгжим бүжгийн коллеж байгуулагдсанаар анх алдарт хуурч Г.Жамьян гуай морин хуурын дугуйланг гэрийн шавь сургалтаас танхимын сургалтад шилжүүлсэн түүхтэй. Үүнээс өмнө гэрийн шавь сургалт маягаар морин хуур хөгжмийг хүмүүст өвлүүлж, заадаг байв.
Харин одоо бол морин хуур хөгжлийнхөө ид үед явж байгаа хөгжмийн зэмсэг гэж хэлж болно. Үндэсний сонгодог хөгжим гэж тодорхойлно доо.
-Баярлалаа, монгол хүн өнөөдрийнхөө өндөрлөгт ирсэн зам
мөрөө үргэлж багштайгаа холбож дурсан ярих дуртай ард түмэн. Т.Цолмон багшийн
төгөлдөр хуурын багш ямар хүмүүс байв?
Т.Цолмон: Манай
Хөгжим бүжгийн сургууль 1957 онд байгуулагдсан. Төгөлдөр хуурын хамгийн анхны
анги нь миний урд талын анги юм. Дараа жил нь би 1958 онд энэ сургуульд элсэн
орж байлаа. Тухайн үед ЗХУ-ын мэргэжилтнүүд манай сургуульд ажиллаж байв. Миний
анхны багш Сергей Александрович Ипатов гэж их сайн багш байлаа. Москвагийн
хөгжмийн төв сургууль /ЦМШ/ гээд олон улсын тэмцээний шагналтнуудын уурхай болсон мундаг сургуулиас ирсэн багш байв. Тэгж тухайн үед Хөгжим бүжгийн сургуульд
анхаарал тавьж байсан байна шүү дээ. Харин манай уран сайхны удирдаач нь
С.Гончигсумлаа гуай байсан. Би Ипатов багшдаа маш их хайртай. Зургаадугаар
ангиас 10 хүүхдийг Зөвлөлт рүү явуулсан. Би таван хүүхдийн хамт, одоогийнхоор
бол Санкт-Петербург хотын бас их сайхан сургууль, консерваторын дэргэдэх тусгай
авьяастай хүүхдүүдийг цуглуулдаг хөгжмийн сургуульд зургаан жил суралцсан. Тэнд миний маш их хайртай Ася Ефимовна
Рубина гэдэг гайхамшигтай сайхан багш маань байлаа. Хөгжимд дуртай болох,
түүний төлөө тэмүүлэхэд тэдгээр багш маань нөлөөлсөн. Манай сургууль бол
Санкт-Петербургт хаант засгийн үеэс үлдсэн сургууль л даа. Сургууль нь ч тэр,
багш нар нь ч тэр гайхалтай сургууль байсан. Анги бүр хоёр том төгөлдөр
хууртай, зөвхөн сурахад л анхаарлаа хандуулдаг байлаа, бид. Энэ сургуулийн
сурагчид одоогийн алдарт Марийнский театрт үнэгүй тоглолт үздэг байлаа шүү дээ.
Урлагийн хүн болох хамгийн том потенциалыг энэ сургууль надад өгсөн гэж боддог.
Дараа
нь, дээд сургуульд сурахдаа Москвагийн Генисиний академид сурсан. Тэнд Мария
Александровна Гурвич гэж их сайхан багш байсан. Хачин сайн франц хэлтэй. Багш
нарын маань мэргэжил, боловсрол нь үнэхээр гайхмаар, биширмээр байсан даа.
-Тэгвэл гадаадад сурч ирсэн Монголын хамгийн анхны
төгөлдөр хуурчид нь та нар байсан байх нь, тийм үү?
Т.Цолмон: Миний үеийнхний төгсөлтийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Г.Эрдэнэчимэг багш төгсөж ирсэн юм. Энэ хүнийг С.Гончигсумлаа гуайн охин гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Түүний дараа Монгол Улсын Консерваторын төгөлдөр хуурын багш Г.Занаа бид хоёр 1975 онд хамтдаа төгсөж ирсэн юм. Тэр үед намайг Улсын Филармонид шууд тоглуулж байсан л даа. Биднийг маш завгүй байлгадаг байлаа. Филармонийн модон шаттай байшинд ороод л тоглодог байсан тухай сая энд ирэхэд санагдаж байлаа.
-Ж.Жигжиддорж хуурчийн хувьд, хэдэн настайгаасаа хуурдаж сурав, ямар хүнийг багшаа гэж хүндлэн дээдэлж явдаг вэ?
-Анх долоон настай жаахан хүүхэд байхдаа морин хуур барьж байлаа. Хөгжим, бүжгийн коллеж чинь тавдугаар ангиас үндэсний хөгжмийн ангид сурагч элсүүлж авдаг. Манайх Эрдэнэтийн айл, бага нас маань тэнд өнгөрсөн. Аав, ээж минь 10 жилд багш байв. Манай бага сургуулийн дуу хөгжмийн багш морин хуур тоглодог байлаа. Эрдэнэтэд морин хуурын дугуйланд анх хичээллэхэд би Боролзойбаатар, Батсайхан гэдэг хоёр багшийнхаа удирдлагад морин хуурыг анх сурсан. Ингээд тавдугаар ангид байхад Эрдэнэтэд өсвөрийн морин хуурчдын улсын уралдаан болоход тэргүүн байр эзэлсэн. Шүүгчээр нь Г.Жамьян багшийн гарын шавь, багшлах эрдмийг нь өвөлж үлдсэн том сурган хүмүүжүүлэгч, гавьяат багш Ё.Батбаяр ажиллахдаа, намайг өөрийн шавь болгохоор шийдсэн юм билээ. “Энэ хүүхдийг шавиа болгоно. Ирэх жил энэ хүүхдийг надад авчирч өгөөрэй” гэж хэлснээр нь би зургаадугаар ангийн сурагч байхдаа Хөгжим, бүжгийн коллежид орж байлаа. 2013 онд төгстлөө Ё.Батбаяр багшаар хөтлүүлэн суралцсан. Анх Улсын филармонийн тайзан дээр 2008 онд 10-р ангийн сурагч байхдаа тоглосон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллагынхантайгаа олон газраар явж тоглолоо. Мэргэжлийн уран бүтээлч болоход онцгой хувь нэмэр оруулж, нөлөөлсөн хүн бол Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, ардын жүжигчин Ц.Батчулуун агсан юм. Миний бас нэг том багш юм даа.
- Тэгвэл сайн морин хуурч болоход юу нэн эрхэм бэ, хичээл
зүтгэл үү, авьяас уу. Эсвэл тууштай, хөдөлмөр ч зан байсан уу?
Ж.Жигжиддорж:
Хөгжимчин болоход, мэдээж авьяас, сонсгол хэрэгтэй. Хөгжмийн сургуульд анх
ороход маш нарийн шалгана шүү дээ. Гар хурууг нь хүртэл үзнэ. Харин сайн
хөгжимчин болоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хөдөлмөр гэж би ойлгодог. Нэлээд
тэсвэр хатуужилтай, олон цагаар сууж сургууль хийж, давтах хэрэгтэй болно.
Хөгжим, бүжгийн сургуулийн сурагчид бусад сургуулийнхныг бодвол гадуур тоглох,
зугаалах цаг зав муутай шүү дээ. Ерөнхий эрдмийн хичээлээ үзнэ, хажуугаар нь
мэргэжлийнхээ хичээлийг давтана. Тэр дундаа утсан хөгжим тоглож сурахын тулд
нарийн өнгийг тааруулж тоглодог учраас даралтат хөгжмөөс илүү сонсгол, мэдрэмж
шаарддаг.
-Тэгэхээр утсан хөгжмийг сайхан тоглоход сонсгол мэдрэмж
нэн эрхэм байх нь. Тэгвэл төгөлдөр хуурыг төгс эзэмшихэд юу чухал вэ?
Т.Цолмон: Авьяас заавал байх ёстой. Авьяасгүй бол ямар ч хөгжмийн урлаг руу орж чадахгүй. Гэхдээ авьяас гэдэг өөрөө их нарийн. Бүх хүүхдийн авьяас адилхан биш. Зарим хүүхэд асар нарийн сонсголтой хэрнээ тогтооц муу байж болно. Эсвэл авьяас нэг их сайн биш атлаа хачин сайхан тогтооцтой байх нь бий. Маш гоё гартай хүүхэд байж болно. Хүн бүхэн адилгүй гэдэг шиг авьяас болгон мөн адилгүй. Харин жинхэнэ төрөлхийн сод авьяастай хүмүүс бол 100 жилд л ганц гарна л даа.
Олон мундаг хөгжимчин шавь нараа харж байхад хамгийн гол нь тэмүүлэл, хүсэл байх ёстой юм билээ. Өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй хүн бол түүндээ яг хүрдэг.
Ажиллах
чадвар, хөдөлмөрийг бидэнд хичээлийн анхны жилээс л сургадаг байсан. Юмаа
цээжлээгүй бол, сурах ёстойгоо сураагүй бол хөгжмийн араас босох эрх байхгүй,
ерөөс тийм ойлголт байхгүй болгодог байлаа шүү дээ. Залуу байхдаа хааяа
болзоонд явна. Нөхөр болох хүнтэйгээ Москвад кино, гоё гоё газраар явна л даа.
Хөгжмөө давтаагүй гэж бодохоор л дотор гонсгор байна. Тэгээд киноноос ирээд бага
зэрэг давтсаны дараа л сэтгэл тайвширч, дотор уужирдаг байлаа. Тиймээс төгөлдөр
хуурч болоход их сайхан авьяас, хөдөлмөрч зан хэрэгтэй. Үүнийг аав, ээж, багш
нараас эхлээд орчин нь хөгжүүлнэ. Гэхдээ хүн болгон тийм байхгүй юм билээ.
-Танд бол тийм хүсэл их байж дээ...?
-Надад
байсан. Миний шавь С.Саянцэцэг бас тийм байсан.
-Таны бахархалт шавь С.Саянцэцэг гадаадын олон оронд олон
сайхан тоглолт хийсэн. Москвад суут төгөлдөр хуурч Рихтерийн музейд тоглож
байсан хүн. Хэр баргийн хүн хүршгүй тийм тайзууд дээр таны олон шавь тоглосон
байх. Эргээд таны тухай яриа руу шилжье. Та бол монголчуудын бахархалт их эрдэмтэн Б.Ринчений зээ охин. Ээж тань таныг эмч болгох хүсэлтэй
байсан гэдэг, тийм үү?
-Тийм
ээ /инээв/. Миний ээж Монголын анхны нүдний мэргэшсэн эмч нарын нэг байв. Унаган
орос хэлтэй хүн байсан. Юун хөгжим гэдэг байлаа. Тэгээд ээжийг хөдөө ажлаар
явсан хойгуур нь миний аав намайг Хөгжим бүжигт оруулчихсан юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар морин хуураа
түгээн дэлгэрүүлэх, ая эгшгийг нь айл өрх бүр таслахгүй байх эрхэм үүргийг
монгол хүн бүр хүлээсэн гэж ойлгож болно. Тэгвэл морин хуур хөгжмийг хэдэн
наснаасаа сурвал зохимжтой байх вэ?
Ж.Жигжиддорж: Дээр хэлсэнчлэн, Хөгжим, бүжгийн коллеж тавдугаар ангиас нь эхлэн сургадаг нь судалгаатай зүйл юм билээ. Зөвхөн морин хуур биш, үндэсний хөгжмүүд, мөн сонгодог хөгжмийн үлээврүүд, цохивор хөгжим, контробассыг тавдугаар ангиас нь сургадаг. Хөгжим барихад бие бялдар нь хөгжсөн байдаг болохоор тэр л дээ.
-Одоо бол хүүхдүүд 5 настай сургуульд орж байгаа.
Тэгэхээр одоо хэддүгээр ангиас нь үндэсний хөгжмөөр хичээллүүлж байгаа гэсэн үг
вэ?
-Бидний
үеийн сургуульд орж байснаар бол 7-р ангиас авч байгаа болох гээд байна л даа.
Гэхдээ...
-Т.Цолмон:
Тэгэхдээ энэ бас тухайн хөгжимтэй холбоотой байх аа. Хийл гэхэд нэгдүгээр
ангиасаа сураад явдаг шүү дээ. Хийл жижигхэн, дунд гээд янз бүрийн хэмжээтэй
байдаг. Хэрэв морин хуурын сургалтыг бүр нарийн болгоё гэвэл хүүхдийн насны
онцлогт тохирсон жижиг морин хуурууд хэрэгтэй. Түүнээс биш нэг хэмжээтэй
байлгаад байвал жаахан хүүхэд яаж сурах вэ. Цаана чинь, төгөлдөр хуурыг бүр
хоёр наснаас эхлэх гээд байна шүү дээ. Японд бол төгөлдөр хуурыг гурван наснаас эхлэн сургаж байна.
Ж.Жигжиддорж:
Тийм ээ, одоо хүүхдийн хөгжил маш их хурдассан байна. Тийм учраас хөгжим сурах
нас нь улам эртсэж байна. Одоо бол бүр бага хүүхдүүд сурдаг болчихсон. Түрүүнд
би морин хуур бол “хөгжиж байгаа хөгжим” гээд байгаа нь энэ л дээ. Зэмсэг нь
хүртэл ингээд хөгжиж байна л даа. Жишээ нь, морин хийл бүр жижгээс дөрөвний
нэгээс дөрөвний дөрөв гэж хүртэл хэмжээтэй байдаг. Цаашдаа морин хуурыг цаашдаа
илүү сайн хөгжүүлье гэвэл бусад утсан хөгжмийн жишиг рүү явах ёстой. Тэгвэл морин
хуурыг бүр багаасаа сурах боломжтой.
-Тэгэхээр таны хувьд, хамгийн анх ямар аялгууг хуурдаж
сурч байв?
Ж.Жигжиддорж: Хуурын жижиг жижиг татлагууд байсан л даа. Би хэдийгээр багаасаа морин хуураар хичээллэсэн ч сүртэй тоглодоггүй, ганц, хоёр барилд сурах хэмжээнд л байсан. Харин яг мэргэжлийн сургуульд нь орсноос хойш л нарийн нарийн юмс руу нь орсон.
-Морин хуур хэр чадавхтай хөгжим юм бэ. Дэлхийн сонгодгуудыг тоглох чадамж нь ямар байдаг вэ. Нэн ялангуяа, гадаад уншигчид маань маш их сонирхож буй болов уу.?
Ж.Жигжиддорж: Анх
Г.Жамьян багш морин хуур дээр сонгодог хөгжим тоглож эхэлсэн байдаг. Роберт
Шуманы “Бодол”, Рубинштейний “Аялгуу” зэрэг зохиолоос эхлээд бага багаар сургалтын
программд оруулж байсан юм. Ер нь бол, морин хуурын аппликатур, зүүн гарын
хурууны дугаарлалт, зүүн гарыг хөгжүүлэх нарийн сонгодог хөгжмийн техникүүдээс
эзэмшүүлэх зорилгоор л эхэлж байсан болов уу гэж би боддог. Гол зорилго нь
анхандаа ийм байсан боловч сүүлдээ морин хуурын чуулга, найрал хөгжим
байгуулагдсанаар ансамблиар тоглох, цаашлаад морин хуур дээр тоглох боломжтой
дэлхийн сонгодог бүтээлүүдээс сонгон авч олон улсад тоглох хэлбэрүүд хөгжөөд өнөөг
хүрч байна.
Гэхдээ
морин хуур бусад утсан хөгжмөөс ялгардаг ганц ялгаа нь дуугаралт нь юм. Яагаад
гэвэл, чавхдас нь өөр. Сонгодог утсан хөгжим чинь төмөр утсыг хялгасаар
хөрөөдөж байгаа юм. Тэгвэл хялгасыг хялгасаар хөрөөдөж байгаа цорын ганц
хөгжмийн зэмсэг бол морин хуур. Миний хэлэх гэсэн санаа нь морин хуураар
дэлхийн сонгодгуудыг тоглож гайхуулахаас илүүтэй энэ хөгжмийн өөрийнх нь урын
санг илүү нэмэх, баяжуулах чиглэл рүү анхаарах хэрэгтэй юм.
Сая Цолмон багшийн хэлсэнчлэн төгөлдөр хуур нь хүүхэд болгонд өөр программ өгөх боломжтой тийм баян урын сантай байхад морин хуурын дасгал л гэхэд Г.Жамьян багшийн зохиосон хоёр номоор л явж байна шүү дээ. Тиймээс дасгалууд, жижиг хэлбэрийн бүтээлүүд, сонат, концертууд, ансамблийн бүтээлүүд гэх мэтээр маш их урын сантай болгох хэрэгтэй.
Т.Цолмон: Ерөөсөө,
аливаа хөгжмийн зэмсгийн хөгжил уран сангаас эхэлдэг юм. Морин хуурын урын санд
харьцангуй сүүлд л маш гоё гоё бүтээл орж ирсэн. Ц.Батчулуун бид хоёр энэ
чиглэлд ажиллаж байлаа. Б.Шарав, Н.Жанцанноров гэх зэрэг хүн маш сайхан
бүтээлүүд бичээд эхэлсэн. Морин хуурын урын санг баяжуулахад тэд маш их зүйл
хийсэн дээ.
-“Цагаан суварга”-ыг сонсоход монгол хүн бүрийн сэтгэлийн
чинад хязгаарт хүрч эгшиглэх мэт тийм их уярал, баясал, догдлолд хүргэдэг. Энэ нь морин хуур хөгжмийн л онцлог гэж та
бүхэн хэлж байна, тийм үү?
Ж.Жигжиддорж:
“Цагаан суварга”-ыг хийлийн найрлаар тоглоход хүмүүст тэгж их хүрэхгүй. Дан
төгөлдөр хуураар тоглоход бас хүрэхгүй. Тэгвэл яагаад морин хуураар тоглоход
хүмүүсийн сэтгэлийн чинадад хүрч, үзэгчдийн таашаалд тэгж нийцэж байна вэ. Энэ
бол морин хуур хөгжимд өөрт нь зориулсан зохиол учраас тэр юм. Зориулсан бүтээл
гэдэг тэс өөр байдаг. Үүн дээр нь л анхаарч цааш хөгжүүлэх шаардлагатай гэж би
үзэж байгаа юм.
-“Цагаан суварга”-ыг хүүхдүүд төгөлдөр хуураар тоглосон
бичлэг ютуб /youtube/-т тавих болсон байна. Дэлхийн сонгодгуудыг эгшиглүүлдэг төгөлдөр
хуураар монгол ая, аялгуу тоглох ямар онцлог байдаг вэ?
Т.Цолмон: Ерөөсөө
тухайн тоглогчоос л болно. Ж.Жигжиддоржийн хэлж байгаа нь яг зөв л дөө. Баритон
хоолойтой дуучинд зориулсан дууг сапроно дуучин мянган удаа сайхан дуулсан ч
хүнд хүрдэггүй. Хөгжим бол яг л ийм. Ялангуяа, морин хуурын өнгө гэдэг нь
монгол хүний биед бүрэн шингэчихсэн байдаг. Нутгаасаа хол байх тусам л морин
хуурын аялгуу, уртын дуу сонсонгуут л монгол
хүний сэтгэл хөдөлж, нулимс унагах гээд байдаг шүү дээ. Хэдийгээр сонгодог
хөгжмөөр олон жил, бүх насаараа тоглосон ч миний хувьд ардын хөгжим гэдэг яг энэ
сэтгэл дотор л байдаг байхгүй юу.
-Тэгэхээр дэлхийн соёлт хүмүүсийн сонсох дуртай
гайхамшигт “Кармен” дуурийн хөгжмийг морин хуураар тоглож болох уу, болохгүй
гэх ойлголт байхгүй, тийм үү?
-Ж.Жигжиддорж: Түрүүний хэлсэнтэйгээ л адилхан хариулт л хэлэх гээд байна л даа. Бас л Бизе “Кармен”-ыг зохиохдоо сонгодог оркестрт зориулж бичсэн учраас морин хуураар хэчнээн сайхан тоглосон ч сонгодгийг гүйцэхгүй. Түүнээс биш Кармен сюитийг Н.Жанцанноров гуай морин хуурын чуулгад хөрвүүлээд тоглож л байсан. Яагаад ч сонгодог хөгжмөөр тоглохыг гүйцэхгүй л дээ. Зүгээр сонин л болохоос биш.
-Т.Цолмон:
Би ч санал нэг байна. “Кармен сюит”-ийг
би оргиналаар нь сонсож байсан. Хэчнээн гоё тоглосон ч мэргэжлийн хүний чихэнд
наалдаж өгөхгүй юм шиг надад санагддаг. Хөгжим сайн мэдэхгүй хүнд гайгүй юм шиг
сонсогдож магадгүй л юм.
Ж.Жигжиддорж:
Хоёрдугаарт сонгодог хөгжмийг морин хуураар тоглох нь, хуурынхаа хөгжил, морин
хуурчийнхаа ур чадварыг ахиулж байгаа нэг хэлбэр юм уу даа. Түүнээс сонгодогт
зориулсан бүтээлийг сонгодог хөгжмөөс давж тоглоно гэдэг боломжгүй зүйл юм.
-Тэгэхээр, морин хуур маань морин эрдэнэ, хүлэг сайн
морио хайрлан харууссан сэтгэлээс үүссэн гэх домогтой. Морин хуур хөгжмийн тембр нь нэг л онцгой, сэтгэлд гүн хүрэх ая эгшиглэгээ гаргаж чаддаг нь ч тийм учиртай гэж хэлж болох уу?
-Болно л доо. Олон л тайлбар байх юм аа. Морин хуур бол амьтай хөгжим гэж судлаачид ярих болсон байна. Морин хуурыг яг амьд морины сүүлнээс шууд дугтарч авч хялгасалдаг. Үхсэн адууны хялгасаар хялгасалдаггүй шүү дээ.. Сүүлийн үед бид нийлэг утсаар орлуулж байгаа нь гадаад дотоодод их явдаг учраас янз бүрийн цаг агаараас шалтгаалдагтай холбоотой. Морин хуур маань анх модон цартай ч байгаагүй. Анхны өвөг зэмсэг нь ямааны арьсаар нүүрийг нь хийдэг. Гол хөг гаргаж байгаа нүүр нь ямааны арьс 1950, 1960 он хүртэл явсан гэж байгаа шүү дээ. Г.Жамьян гуай анх Дэлхийн залуучууд оюутны наадам зэрэг гадаад дотоодод аяллаар явж эхлээд, чийгтэй янз бүрийн газарт тоглосон. Тухайн үеийн арьс очингуут чавхдас нь сунаад, цар нь болохоо болиод байсан гэдэг. Тэгээд Оросын хийлийн мастер анх морин хуурыг модон мөртэй болгосон. Одоо бол арьсыг боловсруулаад тоглож болдог болсон л доо.
Т.Цолмон: Манайх хуурай уур амьсгалтай орон. Дорно зүгийн халуун оронд очихоор морин хуур бүр хөгжмийн зэмсэг биш болчихож байгаа л даа.
Ж.Жигджиддорж: Бүр сүүлд сатуркан утсаар орлуулдаг болсон ч Өвөрмонголын хуурч Чибулаг гуай ийм утсаар тоглож эхэлсэн. Морины сүүлээр хялгасан утсаар Монголдоо бол тоглож болно. Гадагшаа явахад л эрсдэлтэй. Янз бүрийн уур амьсгалд хөг нь тогтохгүй. Хөг тогтохгүй болохоор яаж найрал хөгжим тоглох билээ. Энэ хөгжимд ямар ч металл зүйл ороогүй болохоор илүү амьд дуу гаргадаг. Тиймээс хүний сэтгэлд ойрхон сонсогддог гэх судлаачдын дүгнэлт бий.
Т.Цолмон: Би нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Их сайхан сонин асуулт байна л даа. Чибулаг гуай 1990-ээд оны эхээр Монголд анх ирэхэд би хамт төгөлдөр хуур тоглосон юм. Тоглож байгаа нь үнэхээр их айхтар эмоцитой байсан л даа. Өөрөө хөлсөө арчаад л, бүр уйлж ирээд л тоглосон. Тухайн үед манай Хөгжим бүжгийн зааланд Г.Жамьян, Ц.Дашдулам гуай гээд л манай ардын хөгжмийн багш нар бүгд сууж байсан. Хөгжмийг ийм эмоцитой тоглож болдог юм байна гэдгийг харцгаасан байхгүй юу. Дараа нь нээлттэй хичээл хийхэд нэг хүүхдийг, “Нүүрээ ч өөрчлөхгүй, гөлийгөөд тоглоод байх юм” гэж загнаад эхэлсэн шүү дээ. Тэр үед З.Хангал, Ц.Батчулуун бид бүгд байсан. Тэгээд З.Хангалын толгойд концерт бичих санаа орсон. З.Хангалын концерт их гоё сэтгэл хөдлөлтэй болсон шүү дээ. Түүнээс хойш манай тоглолт их өөр болсон. Чибулаг гуай манайд их өөр түлхэлт өгсөн хүн юм шүү.
Ж.Жигжиддорж: Энэ
7 дугаар сард Өмнөговь аймагт морин хуурын олон улсын наадамд Чибулаг гуайг
урьж авчирсан. Одоо 81 настай. Би хавар урд явж байхдаа уулзаад урьсан юм.
Надад вичатаар Т.Цолмон багштай анх тоглож байсан бичлэгээ явуулсан. Таны цэл залуухан
үеийн бичлэг байсан. “Түмэн адууны төвөргөөн”-ийг тоглож дуусаад Г.Жамьян багш,
Б.Зангад гуай Та нар тайзан дээр гарч ирж байгаа тийм бичлэг байна билээ.
Т.Цолмон:
Ямар гоё юм бэ, тэр бичлэгийг надад өгөөрэй. Чибулаг гуай тэр тоглолт дээр эхэр
татаад уйлсан шүү дээ. Зааланд улсууд уйлалдаад, Чибулаг гуай том алчууртай,
хөлс нь гараад л, тэр их гоё тоглолт болсон.
- Морин хуурыг дээлтэй тоглох ёстой юм шиг ойлгодог байсан
үе саяхан. Ж.Жигжиддорж хуурчийг европ хувцастай морин хуур тоглож байгаа нь сайхан харагддаг.
Харин төгөлдөр хуурыг дээлтэй тоглож болох уу?
-Дээр
үед соёлын өдрүүд гээд их том ажил болдог байлаа. Москвагаас концерт хийдэг том
хүн ирсэн юм. Большой театрт том концертод З.Хангалын “Уран сэтгэмж”-ийг би
тоглох болов оо. Тэгсэн зураач Үржнээ гуай даашинзандаа дээлний оруулгатай
байсан. Би түүнийг хараад, би монгол зохиол тоглох юм чинь болох л юм байна гэж
бодож байсан сан. Тэгэхдээ хөгжмөө дагаад л бид голдуу хар, цагаан хувцсаа
өмсдөг, эрээн хувцас өмсдөггүй.
-Төгөлдөр хуурчдад эрээн хувцас өмсөхгүй байх соёл байдаг
байсан юм уу?
-Мэдэхгүй,
элдэв эрээн хувцас ерөөс өмсдөггүй. Миний их хайртай Хятадын төгөлдөр хуурч
байдаг юм. Тэр бол супер алдартай, Европт амьдардаг Южа Вон л доо. Маш
загварлаг, тоглож байгаа нь ч хачин гоё. Энэ нь залуучуудыг их татаж байна. Бид
Оросын айхтар хатуу үед байсан болохоор зөвхөн хар хувцас өмсөнө. Эсвэл цагаан
цамц өмсөнө, тийм л байлаа.
- Дэлхий дээр олон сайхан төгөлдөр хуурч бий. Төгөлдөр
хуураар эмэгтэй хүн тоглоход ямар давуу тал байдаг вэ?
-Би
яг үнэндээ давуу талыг нь хэлж мэдэхгүй байна. Үнэхээр төгөлдөр хуур бол
эрэгтэй хүний хөгжим, яагаад гэвэл бүх зохиолч нь эрэгтэйчүүд байдаг. Төгөлдөр
хуур зохиосон эмэгтэй зохиолчийг Губайдулинагаас өөр хүнийг би мэдэхгүй юм байна.
Тийм
учраас зохиосон зохиолч нь эрэгтэй хүн учраас тоглогч нь эрэгтэй хүн байх
ёстой. Зарим бүтээл нь маш их цар хүрээ, хүч шаардсан, хүч хүчдээ тийм нүддэг
хүч биш, цаанаасаа эрэгтэй хүний суурьтай, гоё өнгөтэй байх ёстой байдаг юм л
даа. Гэхдээ эмэгтэй хүнээс их нарийн нандин юм гардаг тал бий л дээ. Ялангуяа,
жижиг жижиг зохиолууд дээр гайхамшигтай сайхан юм гаргана. Гэхдээ сайхан
тоглодог төгөлдөр хуурчид бий л дээ. Мария Юдина, Татьяна Николаева нар эрэгтэй
хүнээс дутахгүй тоглодог.
Дэлхийд их алдартай, 80 гарсан ч Марта Аргерих гээд төгөлдөр хуурч бий. Бүх хүнийг гайхуулж байна. Тэд бол гоц сод авьяастай улс байхгүй юу. Тэд бол эрэгтэйчүүдийг атаархтал тоглож байгаа. Харин төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолчдоос Ф.Шопен, Ф.Лист, С.Рахманинов гээд өөрсдөө мундаг төгөлдөр хуурчид байсан.
-Таныг ч төгөлдөр хуур тоглож байхад олон хүн атаархаж
байсан байх аа?
-Мэдэхгүй
ээ /инээв/, тэр үед тоглодог хүн их цөөхөн байсан.
-Харин морин хуурыг эрэгтэй, эмэгтэй хүн тоглоход ялгаа байдаг
уу?
Ж.Жигжиддорж: Байлгүй
яах вэ. Морин хуур бас л эрэгтэй хүний хөгжим. Татлага тоглодог настай хөгшин
хүмүүс одоо ч баруун аймагт байдаг. Хөгжмийн өнгө гаргах тал дээр эрэгтэйчүүд
илүү санагддаг. Сүүлд морин хуурын мэргэжлийн сургалт эхэлснээс хойш манай
Морин хуурын чуулгад тоглож байгаа хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин
Ж.Уугантуяа гэж морин хуурч бий л дээ. Ангийнх нь охин Уянга хоёр бол хамгийн
анхны эмэгтэй мэргэжлийн морин хуурчдын төлөөлөл шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд
саяхан тоглож эхэлсэн байгаа юм. Сайхан тоглоод, мэргэжлийн хуурчид болоод,
найрал хөгжимд сууж байна л даа.
Т.Цолмон: Оркестрт сууж болно л доо.
Хамгийн гол нь, хөгжимчний чадвар бол ганцаарчилсан тоглолт дээр харагддаг. 30-50 минутын тоглолтод бүх юмыг цээжилж тоглоно гэдэг их авьяас, их том чадвар юм.
-Ж.Жигжиддорж морин хуурч маань дэлхийн олон орны том
тайзнаа тоглосон. Хамгийн гоё тоглолт хаана байв, ямар тоглолт байв?
-Сүүлийн
үед том тайзнаа нэлээн хэд гарлаа. Гоцлол тоглох завшаан ч тохиолдсон. Хамгийн
сүүлд Сидней опера хауст, Мариинский театрын концертын танхим, NHK
hall-ын концертын танхим гээд
Японд дээгүүр ордог тайзнаа хоёр жилийн өмнө тоглосон. Хөгжимчин хүн оркестрын
хөгжмийг төлөөлөөд гоцлолд тоглоно гэдэг бол сэтгэл зүй гээд бүх юмаа бэлдэх
маш их хариуцлага байдаг. 2022 оны өвөл NHK hall-ын концертын танхимд болсон тоглолтыг Японы Эзэн хаан,
хатантайгаа ирж үзсэн. Тэр бол түүхэнд бичигдэх тоглолт болсон. Яагаад гэвэл,
тэр бүр тоглолт үздэггүй, Японы эзэн хаан, мөн ковидын дараа хамгийн анх удаа
тоглолтод ирсэн нь тэр байсан. Яагаад ирэв гэдэг их сонин. Эзэн хаан Хунтайж
байхдаа 2005 онд Монголд айлчилсан. Язгууртнууд сонгодог хөгжим сурдаг юм. Эзэн
хаан хунтайж байхдаа альт /эрдүү хийл/ тоглодог байсан. Дуурийн театрт хунтайжид зориулсан
тоглолт болоход Морин хуурын чуулгатай хамт тоглож байсан юм билээ. Манай Морин
хуурын чуулгын тоглолтыг Японд олон удаа зохион байгуулсан Сато Норико гэдэг
хүн хөөцөлдөж, захиа занаа бичсэн юм билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очоод, хоёр улсын төрийн өндөрлөг зэрэгцэн суугаад 2 цаг гаруйн тоглолтыг бүтэн сууж үзсэн. Ер нь, бүтэн сууж үздэггүй, дундаас нь гарчихдаг гэж байна. Тоглолтын дараа нь Ерөнхийлөгчийг хүлээж авсан. Тэр үедээ Морин хуурын чуулгатай тоглож байсан гэрэл зургаа өвөртлөн ирж үзүүлсэн гэсэн.
-Урлаг, хөгжим гэдэг ийм л гайхамшигтай юм даа?
-Мөн 2011 онд Морин хуурын чуулга Францад ЮНЕСКО-гийн танхимд тоглосон. Тэгэхэд манай Цолмон багшийн гэр бүлийн хүн Ш.Алтангэрэл Элчин сайд байлаа. Тэгэхэд гоцолж тоглож байлаа. Тэгэхэд Т.Цолмон багштай уулзаж л байлаа.
Т.Цолмон:
Тийм ээ, чи тэгэхэд их залуухан байсан даа.
Ж.Жигжиддорж: Тийм
залуухан байсан. Тэндээсээ цааш Нью-Йорк руу НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхимд
тоглох бас л том хариуцлага байсан. Хамгийн сүүлд Францын Версалын ордонд морин
хуурын чуулга тоглоход би З.Хангал гуайн солог тоглосон.
-Версал л гэхэд тэр болгон концерт тоглодоггүй газар,
бахархалтай байна аа. Харин Цолмон багш Монголын урлагийн тэнгэрт од болон
гялалзаж явсан сор болсон уран бүтээлчидтэй ажиллаж байсан. Таны хувьд ямар
тоглолт санаанаас гардаггүй вэ?
-Төгсөж
ирээд Большой театрын оркестртой тайзан дээр соло ганцаарчилж З.Хангалын
зохиолыг тоглож байхад сайхан байсан. Мэргэжил дээшлүүлж байхад Дугар Дашиев
гэж Буриадын мундаг дуучин орж ирээд, “Шарав “Аав, ээж 2” гээд ийм гоё дуу
бичсэн” гэсэн. Анхных нь төгөлдөр хуурч нь би юм. Москвагийн радиогийн студи нь
их алдартай л даа. Тэр том зааланд радиогийн өөрийнх нь оркестр нь 60-70 хүн
сууж байдаг, завсарлаад гараад явсан байсан. Гэнэт нот гаргаж ирээд намайг шууд
тоглуулж байсныг би мартдаггүй юм.
Х.Уртнасан гуайтай Болгарын Софи хотод болдог их том уралдаанд хоёр удаа орж байсан. Дөрөвдүгээр байрт орж байлаа.
Монголын анхны сонгодог урлагийн жүжигчид Ардын жүжигчин Ю.Оюун, О.Ганбаатар хоёртой Токиод очиж байсан. “Ганбарэ” гээд Ганбаатарт хэчнээн хайртай байв аа. Ганбарэ гэдэг чинь их гоё үг байна билээ шүү дээ. Биднийг хараад монголчууд ийм байдаг юм уу гээд япончууд гайхаж байсан.
Ю.Оюун, О.Ганбаатар хоёр сайхан бүжиглээд л, Б.Жамьяндагва гуай цаана
нь биднийг хараад л. Хоёр удаа том тэмцээнд их амжилттай явсан. Төгөлдөр хуур
нь оркестртой биш дан төгөлдөр хууртай тоглодог юм л даа. Би яг тайзны хажууд
тоглож байлаа, даанч бичлэг нь үлдээгүй. Их л том зааланд тоглож байсан. Тэр үе
1970-аад оны үе байсан.
-Урлагийнхан маань үеийн үед монгол орноо дэлхийн тайзан
дээр бахархалтайгаар сурталчилж явдаг. Та хоёртоо дахин алга ташин баяр хүргэе
ээ. Монгол хүүхдүүд олон улсын тэмцээнүүдэд их амжилт гаргах юм байна. Таны
хувьд шавь нараас хамгийн отгон шавь нь ямар хүн байна?
Т.Цолмон: Саяхан
надад отгон шавь орж ирсэн. Бид хоёр дахь жилдээ ажиллаж байна. Зууны манлай
уртын дууч Н.Норовбанзад гуайн зээнцэр байгаа юм. Н.Норовбанзад гуайн
гайхамшигтай авьяасыг авсан хүүхэд байх юм. Айлын гурван охины нэг, Оюундарь
гэдэг гайхамшигтай хүүхэд байх юм. Одоо 10 настай. Багаасаа бүр 3 наснаасаа
эхэлсэн юм билээ. Багш нь бас миний шавь. Ноднин филармони дээр бие даасан
тоглолт хийсэн. Ирэх жил бас тоглох гэж байна. Хэд хэдэн конкурст гранпри
авсан. Энэ хүүхэд үнэхээр их ховор, цаашдаа Монголын нэрийг гаргана байх гэж
найдаж байгаа.
-Ж.Жигжиддорж, Таны хувьд багшилж амжив уу?
-Багшлах тал руу нэг их ороогүй. Хувиараа цөөн хүүхдэд заадаг. Голдуу том курст орсон гэх юм уу, илүү том зохиолуудад ажилладаг болсон хүүхдүүдэд зөвлөгөө өгөх маягтай ажилладаг. Анх гар хурууны барил тавина гэдэг бол нарийн ажил. Үүнийг Ё.Батбаяр багш гээд олон жилийн туршлагатай улс илүү сайн хийнэ. Би нэгдүгээр курсээс нь аваад анхныхаа бакалаврын оюутныг сая төгсгөлөө. Сайхан хуурч гарч байгаа.
Т.Цолмон: Соло тоглодог хүнд тийм эрт багшилсны хэрэггүй байдаг. Дээр үед багш байдаггүй байсан учир би хэчнээн хөгжим тогломоор байсан ч намайг багш руу оруулчихаж байгаа юм. Хүнд хичээл заах бүтэн цаг өгчихөөр хэзээд нь давтах билээ, шөнө давтах уу, би гэр бүлтэй, нөхөр, хүүхэдтэй, хажуугаар нь театр дуудна. Эцсийн дүнд хөгжимчин хүн гаргая гэвэл яг ганцаарчилсан тоглогч гаргах ёстой. Тэр бол хөгжимчдийн хамгийн гол нь байгаа юм. Ансамблыг олон хүн чадна, ганцаарчилсныг олон хүн чадахгүй.
-Ж.Жигжиддорж багш та хэдэн морин хууртай вэ?
-Ер
нь хөгжимчин хүн хөгжмөө тэр бүр сольдоггүй юм. Олон жил тоглох тусам дуу нь
илүү гоё болоод, ялангуяа утсан хөгжим илүү зөөлрөөд, бүр гоё болдог. Хийлийн том алдартай мастеруудын 1700-гаад оны хөгжим
5-6 сая долларын үнэтэй байна шүү дээ. Одоо энэ барьж байгаа хөгжмөө 2008 оны 7
дугаар сарын 1-ний айхтар үймээн болоход манай хөгжмүүд бүрэн сүйдсэн. Тэгэхэд бүгд
хөгжмөө шинэчлэхээс аргагүй болсон. Тэгэхэд Ардын жүжигчин Дамчаа гуайн хүү
Төвшинтөр Италид хийлийн мастераар дөнгөж төгсөж ирээд байсан. Түүгээр хөгжим
хийлгэсэн. Тэгэхээр 10 гаруй жил болж байна.
Хөгжимчид гол тоглож буй хөгжмөө сольдоггүй, сүүлдээ бүр өөрийнх нь нэг эрхтэн шиг, өөрөө яаж дуугарахыг нь мэддэг болчихдог. Миний хөгжмийг өөр хүн аваад өнгийг нь бүрэн гаргаж чадахгүй гэх ч юм уу тийм нарийн юм байдаг. Сүүлийн үед арьсан цартай хөгжмийн урлал нэлээн хөгжиж байна. Хөгжмийн том мастер Уламбаяр гэж хүн хуучны арьсан цартай хөгжим хийж надад бэлэглэсэн. Ингээд би хоёр л хөгжимтэй.
-Хамгийн анх сурч байсан морин хуур тань байдаг уу?
-Тэр
бол байгаа.
-Т.Цолмон багш хамгийн анх
ямар төгөлдөр хуур дээр
тоглож байв. Тэр үед манай улсад хаанахын төгөлдөр хуур орж ирсэн байсан бэ, ер
нь төгөлдөр хуур 1950-иад онд хэр их орж ирсэн байсан бэ?
-Цөөхөн цөөхөн, хөдөө бүр байхгүй, хотод цөөн хэд байсан байх. Герман хөгжим ч орж ирээгүй үе байлаа шүү дээ. Орос хөгжим л цөөн байсан. Тэр үед манай гэрт анх удаагаа шкаф шиг том улаан өнгөтэй хятад хөгжим байсан. Түүн дээр давтаж байснаа санаж байна. “Красный Октябрь” гээд Оросын хөгжим байдаг байсан л даа. Герман хөгжим 1960 оноос орж ирсэн. Хамгийн гоё хөгжим Германд л байсан. Миний сурч байсан сургуулиуд дандаа герман хөгжмүүдтэй байсан. Хамгийн алдартай Стэйнвэй чинь германаас гаралтай шүү дээ. Сүүлийн үед япон хөгжим их орж ирж байх шиг байна. "Ямаха" үнэхээр сайн. "Кавай" ч орж ирлээ. Солонгосын “Саммик”-ыг надад япон хүн бэлэглэсэн. Өөрөө тоглож байсан, их гоё юм байна билээ. Нэг дунд гарын "Ямаха" байгаа.
Ж.Жигжиддорж: "Стэйнвэй" бол Монгол Улсын Филармонид л ганцхан байдаг, 10 жил болж байна, маш сайн. Их ч алдартай, их ч үнэтэй хөгжим шүү дээ.
Т.Цолмон: Энэ насандаа хэзээ ч Стэйнвэй дээр тоглохгүй байх гэж сэтгэл санаагаар уначихсан байлаа шүү дээ /инээв/. Бидний мөрөөдөл ороод ирсэн байна.
-Тэгвэл өнөөдөр та Стэйнвей дээр тоглох нь байна шүү дээ
-Т.Цолмон: Ваав.
-Та хоёр ер нь хамт тоглож байсан уу?
-Т.Цолмон:
Ерөөсөө үгүй.
Ж.Жигжиддорж: Бид
хоёр анх удаа энэ ярилцлагын дараа нийлж тоглох гэж байна. Энэ ташрамд Монголын
үнэдсний мэдэлэлийн МОНЦАМЭ агентлагт талархал илэрхийлье. Сонгодог хөгжмийн бүх
урлагийнхны хүндэлж биширч явдаг том багштайгаа өнөөдөр хамт ярилцлага өгөөд,
та бүхний хүсэлтээр нэг бүтээл бичүүлэхээр болж байна. Маш сайхан байна, их баярлалаа.
-За, та хоёрыг маань төрөлх тайз тань, бас "Стэйнвэй" хүлээж байна.
Эрхэм уншигч Та, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн энэхүү ярилцлагад зориулан тоглосон, Монголын болон дэлхийн хаан хуурын гайхамшигт хослолыг https://www.youtube.com/watch?v=fvA3K6PFjrw линкээр сонирхоно уу.