БУЛГАН: Аймгийн нийтийн номын сангийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн Сономын Удвалын нэрэмжит Булган аймгийн нийтийн номын сан шинэ оны босгон дээр шинэ барилгаа хүлээн авлаа.
Номын сангийн
барилгыг Соёлын яамны захиалгаар "Зууны сод хийц" ХХК хийж гүйцэтгэн
төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад хүлээлгэн өглөө.
Номын сангийн барилга 3.1 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 400 уншигчийн суудалтай 1000 м.кв талбайд барьсан байна
Богино хугацаанд чанартай барьсан Б.Амарбат захиралтай "Зууны сод хийц" ХХК-ийн хамт олон, дэмжин тусалж хамтран ажилласан яам, агентлаг, байгууллага, хувь хүмүүст уншигч олон түмэн, номын сангийн хамт олныхоо өмнөөс Булган аймгийн нийтийн номын сангийн дарга Т.Мөнгөнтуяа халуун талархал илэрхийлж, 2025 оноос уншигч үйлчлүүлэгчид тохилог орчинд таатай үйлчлүүлэх боломж бүрдлээ хэмээн сэтгэл өндөр байна.
60 жилийн дараа аймгийн номын сан шинэ барилгатай болж буй нь энэ. Булган аймагт анх 1946 онд тэр үеийн Засаг захиргааны шийдвэрээр 200-гаад номтой, нэг орон тоотой, 15 мянган төгрөгийн төсөвтэй, нэг уншлагын том ширээ, тойруулж суух сандалтай хуучин депутатуудын танхимд байрлаж анхны номын сангийн үндэс суурь эхлэн тавигдаж байсан.
1961 онд одоогийн номын сангийн барилгыг барьж, нийтийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох тасаг нэг ээлждээ 20-30 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 5 орон тоотой мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж эхэлсэн нь номын сангийн хөгжилд томоохон дэвшил авчирсан төдийгүй 1974 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 342 дугаар тогтоолоор номын сангийн зэрэг тогтооход улсын 3-р зэргийн номын сан болж байжээ.
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээж авахаар улсын комисс ажилласан байна. Тус номын сангийн шинэ барилгын зураг төсвийг "Зөв чиглэл" ХХК хийсэн байна.