ОРХОН: Боловсролын газар албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж эхлэх болсонтой холбогдуулан Орхон аймгийн Боловсролын газрын хэлний зөвлөл бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Монгол хэлний тухай хуулийн 24.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх төрийн байгууллага бүрд монгол хэл бичгийн алдаа шалгагч, бичиг хөрвүүлэгч программыг хүргүүлж эхэлсэн байна.
Орхон аймгийн хувьд төрийн 96 байгууллагын хүрээнд кирилл, монгол бичгээр албан хэрэг хөтлөх бөгөөд хамгийн эхэнд аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газраас хос бичгээр албан бичгээ хөтөлж эхэллээ.