ДАРХАН-УУЛ: Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг 24 м.кв болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх бөгөөд Дархан хотод нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайг 24м.кв-т хүргэх юм.
Мөн 200 га талбайд агро ойжуулалт эрхлэх хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтын ажлыг эхлүүлж, дотоодын хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
Хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хөгжлийн 17 зорилгын 10 зорилго, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүд, “Алсын хараа-2050”, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үндсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд оршиж байна.
Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хотын оршин суугчдад экосистемийн үйлчилгээг (цэвэр агаар, цэвэр ус) дээд зэрэгт хүргэхийн тулд хот, хотын ойр орчмын ой, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулна.
Хот болон түүний эргэн тойронд уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой орон нутгийн хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн богино сүлжээг бий болгох үйл ажиллагааг дэмжинэ.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тойрог эдийн засгийн зарчмын дагуу ногоон хөдөө аж ахуйн боловсруулалт, хүнсний үр ашигтай хуваарилалт, хүнсний орчныг сайжруулах, эрчим хүч, усны нөөц, хотын хүнсний хангамжийн тогтвортой, хүртээмжтэй байдлыг дэмжих юм.