БАЯНХОНГОР: Малын тэжээл үйлдвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар малын тэжээлийн үйлдвэр байгуулах төслийн ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай үргэлжилж байна.
Тодруулбал, төслийн хүрээнд Өлзийт суманд тэжээлийн үйлдвэр, оффисын барилга, техник үйлчилгээний төвийн байр, агуулах, 2500 м.кв талбай бүхий өвлийн хүлэмжийг байгуулан, усалгааны систем, гүн өрмийн худаг, машин, багаж тоног төхөөрөмжийг татан төвлөрүүлээд байгаа юм.
Хоногт 2-4 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн хэмжээний найман сумын 12 байршлын 700 га хүртэлх талбайд малын тэжээлийн ургамал тариалж, жилд 2400 тонн дарш, 1800 тонн ногоон тэжээл хураан, 600 тонн хорголжин тэжээл үйлдвэрлэх нөхцөл бүрдэн 50-70 хүнийг шууд болон түр ажлын байраар хангах боломж бүрдэнэ.
Баянхонгор аймаг цагийн хүндрэл, зудын бэрхшээл гарахад малын тэжээлээ өндөр үнээр бусад аймгаас татан авах бус өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглээндээ ашигладаг болоход төслийн зорилго чиглэжээ.