УАШТ-үүдийн салхийг жүдочид хагална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-06 10:34:09

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. АНУ-ын Лос Анжелес хотод 2028 онд болох зуны спортын XXXV наадмын мөчлөгийн жилийн дотоодын хамгийн тэмцээн УАШТ-үүд шил шилээ даран эхлэх гэж байна.


Эдгээрийн салхийг Монголын жүдо бөхийн холбооныхон хагалах нь ээ. Тодруулбал, жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус тэмцээнд 30 спорт хороо, клубын 250 гаруй тамирчин барилдахаар бүртгүүлжээ. УАШТ-ээс медаль хүртсэн тамирчид цаашид тив, дэлхийн аварга болон олон улсын “Их дуулга”, гранпри тэмцээнд эх орноо төлөөлөх ач холбогдолтой. Түүнчлэн үндэсний шигшээ багийн тамирчдыг шинэчлэхэд чухал үүрэгтэй тэмцээн юм.

Эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн барилдааны эхний өдөр буюу 10-нд 73, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг-ын барилдаанууд болно. Харин хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын барилдаанууд, 12-нд буюу сүүлийн өдөр холимог багийн барилдаан болох хуваарьтай байна.


Уг тэмцээнд олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан дүрмийн шинэчлэлтийг мөрдөнө. Монгол жүдо бөхийн холбооноос өнгөрсөн сарын 22-нд жүдогийн шигшээ багийнхан болон спорт хороо, клубын тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдэд Лос Анжелесын олимпын циклд хэрэгжих дүрмийн шинэчлэлтээр сургалт зохион байгуулсан юм.


Дашрамд сонирхуулахад, Холбоодын нэгдсэн УАШТ дөрөв дэх жилдээ болж буй бөгөөд 15 спорт холбоо 10 хоногийн дотор тэмцээнээ зохион байгуулах юм. Тэгвэл уг тэмцээний нэгдсэн хөтөлбөрт жүдогийн УАШТ анх удаа багтаж байна. 

Холбоотой мэдээ