ЗАВХАН: Их-Уул сум адуу, үхэр сүргийн тоо толгойгоор тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-06 14:51:13

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завханы Алдархаан сум 2024 оны жилийн эцсээр 248.4 мянган мал тоолуулж аймагтаа хамгийн их малтай байна.


Мал тооллогын урьдчилсан дүнгээр Алдархаан сум 248.4 мянган толгой мал, Баянтэс сум 214.6 мянган толгой мал, Их-Уул сум 202.6 мянган толгой мал, Дөрвөлжин сум 162.1 мянган толгой мал, Яруу сум 155.8 мянган толгой мал тоолуулж аймгийн 24 сумаас хамгийн олон мал тоолуулсан таван сум болжээ. 


2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Их-Уул сум адуу, үхэр, хонины тоогоор, Дөрвөлжин сум тэмээний тоогоор, Алдархаан сум ямааны тоогоор тэргүүлжээ.


Алдархаан, Сонгино, Улиастай, Баянтэс, Сантмаргаз, Асгат, Яруу, Эрдэнэхайрхан зэрэг 14 сумын мал 0.2-11.1 мянган толгойгоор өссөн байна.


Баянхайрхан, Цагаанхайрхан, Шилүүстэй зэрэг 10 сумын мал 0.6-21.4 мянган толгойгоор тус тус буурчээ. Алдархаан сумын Өгөөмөр баг 80.1 мянган мал тоолуулж хамгийн олон малтай баг болжээ. Урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч өмнөх оноос 7.9 мянга, бойжсон төл 116.3 мянган толгойгоор тус тус өссөн байна.


Аймгийн хэмжээнд 245.7 мянган том мал зүй бусаар хорогдсоноос хонь 113.1 мянга, ямаа 73.1 мянга, үхэр 39.1 мянга, адуу 20.3 мянга, тэмээ 43 толгой байна. Зүй бусаар хорогдсон том малын тоогоор Их-Уул сум 46.3 мянга гэхчлэн Отгон, Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр суманд том мал зүй бус хорогдол их байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ