Б.Ачбадрах Солонгосын нээлттэй тэмцээнээс хос алтан медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Пёнчан хотын Олимпын спорт цогцолборт Солонгосын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах сонгомол 15 км-ын зайд түрүүлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл тэр өнөөдөр тэшилтийн 30 км-ын уралдаанд нэг цаг 19.05 минутын амжилтаар дахин түрүүлж, Солонгост төрийн дууллаа хоёр дахь удаагаа эгшиглүүлэв. Ингэснээр Солонгосын үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна.
Түүний хувьд ирэх сарын 7-нд Хятадын Харбин хотод хөшгөө нээх Азийн өвлийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Тэгвэл дээрх тэмцээн нь Азийн өвлийн наадмын өмнөх хамгийн том сорилуудын нэг болов.