“Хэрлэнгийн барьяа” уртын дууны чуулгатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-21 16:03:55

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар Чойбалсан хотын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн дэргэд “Хэрлэнгийн барьяа”  уртын дууны чуулгыг байгуулахаар боллоо.

Аймгийн төр захиргааны байгууллага уг уртын дууг хойч үеийнхэнд өвлүүлэн сургах зорилгоор “Хэрлэнгийн барьяа-1090”  ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулсан. Хэрлэн гол Хэнтий, Дорнодын нутгаар 1090 км урсдагийг бэлгэдсэн энэ ажлын хүрээнд мөн тооны дуучид аймгийн баяр наадмаар шуранхайлж төрт ёсны хүндэтгэл үзүүлсэн зэрэг  тоймтой ажлыг нэрлэж болох юм.

“Монголын төрт ёсны айзам их дууны нэг “Хэрлэнгийн барьяа”.  Хэрлэн мөрний дэнжээс хээтэн төрсөн энэ их дууг наран ургах нутгийнхан үеийн үед дуурсгасаар иржээ. Уг эш, өв уламжлал хэзээ ч бүдгэрч тасарч боломгүй айзам аяялгууны алтан аргамжтай ажгуу” хэмээн МЗЭ-ийн шагналт Уран зохиол судлаач, сэтгүүлч Л.Хэрээ тэмдэглэжээ.

Аймгийн Засаг даргын нөөцийн сангаас “Хэрлэнгийн барьяа” уртын дууны төслийг хэрэгжүүлж дууссан ч энэ ажлын эхлэлийг сааруулахгүй үргэлжүүлэхийн тулд дээрх сургуулийг түшиглэн чуулга байгуулж, ирэх сард нээлтээ хийх гэнэ.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ