Чадын ерөнхийлөгчийн ордны ойролцоо буудалцаан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-09 20:41:30

Н’ЖАМЕНА, 2025 оны нэгдүгээр сарын 9 /AFP/. Лхагва гаргийн орой Чад улсын нийслэл Н’Жамена хот дахь ерөнхийлөгчийн ордны ойролцоо буун дуу сонсогджээ. Цэргийн машинуудын цуваа ордныг чиглэн явж байгаа нь харагдсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.


Францын Франс Пресс агентлаг аюулаас хамгаалах хүчнийхнийг эш татан мэдээлснээр, ерөнхийлөгчийн ордон руу ордог бүх замыг хаасан байх үед зэвсэгт этгээдүүд ерөнхийлөгчийн ордон руу дайрсан бөгөөд Н’Жамена хотын гудамжинд танкууд харагджээ.


Буун дуу сонсогдсон тухай эхний мэдээ цацагдсаны дараахан Чадын Дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд Азиз Махамат Салех "ноцтой зүйл болоогүй, сандарч тэвдэх хэрэггүй, нөхцөл байдал хяналтанд байна гэж Facebook хуудсандаа нийтэлжээ.


Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мөн дээрхтэй ижил мэдэгдлийг хийсэн байна. Абдераман Куламалла Facebook нийгмийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгийн үеэр хэлэхдээ “ялимгүй хэрэг явдал дэгдсэн, одоо бүх зүйл тайван байна, нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэсэн оролдлогыг таслан зогсоосон” гээд уг бичлэгийг ерөнхийлөгчийн ордонд хийж байна гэжээ.


Африкийн тус улсад хууль тогтоох байгууллага, муж, орон нутгийн сонгууль явагдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа дээрх хэрэг явдал боллоо. Чадын Засгийн газар энэ удаагийн сонгуулийг цэргийн дэглэмийг төгсгөл болгох чухал алхам гэж үзэж байсан боловч сонгуулийн ирц тааруу байснаас гадна луйвар хийсэн гэж сөрөг хүчний зүгээс буруутгажээ. Сөрөг хүчин санал хураалтыг бойкотолсон нь одоогийн Ерөнхийлөгч Махамат Идрис Деби Итнотой эвссэн нэр дэвшигчдэд боломж олгосон байна.


Цэргийнхэн М.Итног 2021 онд эцэг нь нас барсны дараа засгийн эрхэнд гаргажээ. Түүний эцэг Идрис Деби Итно 2021 оны дөрөвдүгээр сард нас барах хүртлээ Чад улсыг 30 жилийн турш төмөр нударгаар захирч ирсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сарын сонгууль нь Боко Харам” бүлэглэл удаа дараа халдлага үйлдэж, Францтай байгуулсан цэргийн гэрээ дуусгавар болж, хөрш Суданы дотоод хэрэгт Чад улс хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгаж байгаа үед болжээ.

 


Холбоотой мэдээ