ОРХОН: Усан бассейнтай 7 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-10 15:29:44

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн 1432 цэцэрлэг байдаг. Үүнээс хамгийн анхны бассейнтай улсын цэцэрлэг нь Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэг юм.


Анх 1990 онд байгуулагдсан тус цэцэрлэг усан бассейнтай баригдсан хэдий ч үйл ажиллагаа нь зогсонги байсныг 2020 онд улсын төсвийн 2 тэрбум төгрөгөөр шинэчлэн засварлажээ.


Ингэхдээ олон улсын стандартад нийцүүлэн тохижилтыг хийсэн байна. Энэхүү усан бассейны ашиглалтыг сайжруулж, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан аймгийн хэмжээний усан спорт, эмчилгээний төв болгон үйл ажиллагааг өргөтгөх, аймгийн бусад цэцэрлэгийн хүүхдүүдийг усан спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхээр энэ 5 жилийн хугацаанд зорьсноор бассейны үйл ажиллагааг тасралтгүй явуулж, цэцэрлэгийн 380 хүүхдээс гадна тусгай хэрэгцээт хүүхдүүдэд долоо хоногт 3 удаа усан эмчилгээг хийж хэвшжээ.


Мөн тус цэцэрлэгт тусгай хэрэгцээт хоёр бүлгийг шинээр нэмж, хүүхдүүдийг усан бариа, усан эмчилгээнд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, 2023 онд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас усан бассейнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсний үр дүнд ус цэвэршүүлэх үйл явц хялбар болж, 2 сардаа усаа шинэчлэн ашигладаг болжээ. Аймаг орон нутгийн иргэд ч хүүхдүүдээ усан бассейнтай цэцэрлэгт өгөх, усан эмчилгээнд хамруулах хүсэлт өвлийн саруудад нэмэгддэг болсон байна.

Холбоотой мэдээ