ДОРНОД: Баянтүмэн сумын мал эмнэлэг улсад жишиг болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Мал эмнэлгийн нэгдсэн цэг улсын хэмжээнд жишиг гэхэд болно. Гурван жилийн өмнө тус аймгийн хэмжээнд үхрийн товруу, шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоосноос хойш малын өвчнийг хязгаарлах, шинжилгээ хийх зорилгоор энэхүү нэгдсэн цэгийг байгуулжээ.
Түүнчлэн дэргэдээ малын эмийн сан, лаборатори, жижиг амьтны эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Ноднин жил 4000 гаруй малчин өрх, 100 гаруй жижиг амьтанд мал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснээс гадна мах, сүүний шинжилгээ хийж байгаа юм.
Мал эмнэлгийн нэгдсэн цэгт өнөөдрийн байдлаар 10 гаруй малын эмч ажиллаж, малчдад сургалт хийх, гоц халдварт өвчин гарах үед онцгой нөхцөлд ажиллах бэлтгэлийг хангах хүрээнд дадлага хийж, дуудлагаар очиж ажиллаж байна. Тэд энэ онд адууны эмнэлэг байгуулахаар төлөвлөж буйгаа ярьж байлаа.
Дорнод аймгийн хувьд малын өвчин тулгамдсан асуудлын нэг. Тиймээс аймаг орон нутаг энэхүү тэргүүн туршлагыг бусад суманд ч нэвтрүүлж, мал эмнэлгийн нэгдсэн цэгийг цаашид бодлогоор дэмжихээр болсон байна.