“Грэмми” наадмын товыг өөрчлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-01-14 17:28:26

НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 14 /AFP/. Лос-Анжелест сүйтгэлт ойн түймэр дэгдэж байгаа хэдий ч хоёрдугаар сарын 2-нд болох Грэмми” хөгжмийн наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулна гэж Америкийн дуу бичлэгийн академи даваа гарагт мэдэгджээ.


Зохион байгуулагчдын зүгээс академийн гишүүдэд илгээсэн захидалдаа "67 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, орон нутгийн эрх баригчидтай хамтран Лос-Анжелесын төвд байрлах Crypto.com” аренад зохион байгуулна" гэсэн байна.


Энэ жилийн шоу нь ойн түймэртэй тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэмэлт санхүүжилт босгох, биднийг авран хамгаалахын тулд өөрсдийн амь насыг эрсдэл оруулж буй анхны тусламжийн ажилтнуудын эр зориг, хичээл зүтгэлийг хүндэтгэх шинэ зорилгын дор явагдах болно” гэж академийн тэргүүн Харви Мэйсон мэдэгджээ.


Грэмми нь зөвхөн хөгжмийн салбарын уран бүтээл, ололт амжилтуудыг үнэлээд зогсохгүй энэхүү агуу Лос-Анжелес хотыг тодорхойлж буй тэсвэр тэвчээрийг бэхжүүлэх талбар байх болно гэдгийг тэрбээр онцолсон байна. Ёслолыг төлөвлөсний дагуу CBS телевиз шууд дамжуулна. Энэ удаагийн наадамд Бейонсе, Тейлор Свифт, Билли Айлиш, Кендрик Ламар нар хамгийн олон шагналд нэр дэвшээд байгаа юм.


Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, түймрийн улмаас 24 хүн амиа алдаж, олон арван мянган хүн орон гэрээ орхин дүрвэж, хотын зарим хэсэг балгас болон хувирчээ. Үүнтэй холбогдуулан Дуу бичлэгийн академи болон түүний харьяа сайн үйлсийн байгууллага болох “MusiCares байгалийн гамшигт нэрвэгдсэн хөгжмийн салбарын ажилтнуудыг дэмжих зорилгоор 1 сая долларын хандивын аян өрнүүлж байна. Захидалд дурдсанаар, нэмэлт хандив цуглуулснаар 2 сая гаруй долларын яаралтай тусламжийг хуваарилах боломж бүрджээ.


Үүнээс гадна, “LiveNation”, “AEG Presents”, “Azoff зэрэг энтертайнмент компаниуд хамтран энэ сарын 30-нд Инглвуд хот дахь Intuit Dome” аренад FIREAID” нэртэй хандивын тоглолт хийнэ гэдгээ зарлаад байна. Тоглолтын орлогыг “дэд бүтцийг сэргээн босгох, нүүлгэн шилжүүлсэн гэр бүлүүдийг дэмжих, онцгой байдлын үед илүү бэлтгэлтэй байхын тулд түймрээс урьдчилан сэргийлэх технологи, стратегийг боловсронгуй болгохоор" ажиллаж буй ашгийн бус байгууллагуудад хандивлана.


Шоу бизнесийн нийслэл гэгддэг Лос-Анжелес хотын энтертайнмент салбарынхан дөнгөж эхэлж буй шагнал гардуулах ёслолын үеийг хэрхэн өнгөрүүлэх талаар эргэцүүлэн тунгааж байна. Оскарын шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагч байгууллагаас нэр дэвшигчдийн үдийн зоогийг цуцалж, шагналд нэр дэвшигчдийг цахимаар танилцуулахаар шийдвэрлэжээ.

 


Холбоотой мэдээ