АРХАНГАЙ: “Би” биш “Бид” гэж багаар ажиллах чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баттөмөрийн Мөнхтуяа Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш тусгал” ТББ-ын “Гэрэл” бүлгийн ахлагчаар мөн “Олны санаачилга Архангайн зөвлөл” ТББ-ын мэдээллийн ажилтнаар тус тус ажилладаг эмэгтэй. Нийгмийн идэвхтэй учраас олон дэм тустай ажлуудад оролцож ирсэн нэгэн юм.
Б.Мөнхтуяа Монголын улаан загалмайн нийгэмлэгээс Архангай аймгийн УЗХ-ны сургалтын танхимд зохион байгуулж буй “Дунд шатны хорооны сайн дурын идэвхтнийг чадавхжуулах” хоёр өдрийн сургалтад сууж байна.
/ Б.Мөнхтуяа /
Тэрээр сургалтын явцаас “Би” биш “Бид” гэдэг ухагдахууныг нэлээд чухалчилж ойлгосон ба багийн ажиллагаа хэчнээн чухал вэ гэдгийг мэдэрсэн тухайгаа ярив. Мөн “Амьдралд мэддэг, чаддаг гэдэг ч хэрэгжүүлдэггүй, орхидог зүйлүүд маш олон юм байна. Жишээ нь, хуванцар савны хэрэглээ. Бид хуванцрыг хэрэглэдэг, ямар хор хохиролтойг мэддэг. Бага багаар татлгалзаж эхэлсэн. Гэхдээ л багасаагүйг сургагч багш маань хэлж байна. Тэгвэл яаж бууруулах вэ?. Хуванцар шанага, хусууртай бол сольж, төмөр, мод зэргийг сонгож багаас нь эхэлье. Нөлөөллийн ажлуудыг ч уйгагүй хиймээр юм байна.
Үер ус, шар усны үер, гал түймрээс урьдчилан сэргийлье. Малаа аливаа өвчнөөс сэргийлж, туулгыг тогтмол хийж, вакцинжуулалтад орох гээд маш олон мэдээллийг нэг дор авлаа. Гол нь мэдлэгээ хэрэгжүүлэх нь чухал. Аймгийнхаа УЗХ-той хамтран сургалтуудад шат дараатай хамрагдан, олсон мэдлэг, мэдээллээ ашиглан түгээх, туслах зэргээр хэрэгцээ, шаардлагатай хүн бүрд хүрч үйлчлэх нь нэн тэргүүний зорилт юм” гэв.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн зуд, ган, үер усны гамшгийн давтамж ойртох, улам хүчтэй болох эрсдэлүүд их гарч байна. Үүнтэй холбоотойгоор МУЗН-ээс сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд ийнхүү зохион байгуулж байна. Сургалтын гол зорилго нь сайн дурын ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чиглэлээр чадавхжуулахад оршино.
/ Ц.Ариунболд /
МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан Ц.Ариунболд “Уур амьсгалын өөрчлөлтөд хувь хүмүүс өөрсдийнхөө хэмжээнд ямар арга хэмжээ авч чадах вэ гэдгийг сургалтаар ярилаа. Жишээ нь, нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 600 литр усыг ашигладаг байна. Тэгэхээр бид өмсөх хувцасны худалдан авалтыг багасгаж болж байна. МУЗН-ээс борооны усыг нөөцлөх арга технологийг судалж эхэлсэн. Ялангуяа малчдад тустай. Борооны усаар малаа усална, өвөл ундны ус болгох, тариалсан малын тэжээлээ ч усалж болох юм. Дараагийн чухал зүйл нь эрчим хүчний хэмнэлт. Ялангуяа оройн цагаар гэрлээ унтрааж байя. Машинаа шаардлагагүй тохиолдолд асаалттай орхихгүй, унтраая. Бид аль болох нүүрсхүчлийн хий гаргахгүй зүйлүүдийг сонгож, хэрэглэж хэвших нь чухал болоод байгаа” хэмээв.
Сургалтын агуулгад гамшиг, аюул, эмзэг байдал, эрсдэлийн ялгаатай ойлголтыг өгөх мөн газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ хэрхэн оруулах, зуд, хүчтэй салхи, шуурга, гал түймрийн аюул, ой хээрийн түймэр, үер ус, мал амьтны халдварт өвчин, аянга цахилгаан, ахуйн хэрэглээний хиймийн бодис, түүнийг солих зэрэг цогц мэдээллийг өглөө.