БАЯНХОНГОР: Малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хамгийн зузаан цастай, өвөлжилт хүндэрсэн Гурванбулаг суманд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр ажиллаж байна.
Тус сумын хэмжээнд тал газартаа 22 см, гуу жалгандаа 66 см зузаан цастай байгаа бөгөөд 116.885 толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа юм. Өнгөрсөн жилийн өвлийг мөн л зудтай, малын хорогдол ихтэй туулсан тус сумын малчид намар хадлан тариаг эртнээс нөөцлөн авч, бэлтгэл ажлуудаа хангаж, сум орон нутгаас ч өвс, тэжээлийн нөөцийг хангалттай бэлтгэх, хөнгөлөлттэй үнээр тогтмол нийлүүлэх, тасалдуулахгүй байх бодлогыг баримтлан ажиллаж буйг сумын удирдлагууд танилцуулав. Мөн сумын удирдлагууд, Эрүүл мэндийн төв, холбогдох мэргэжилтнүүд хамтран малчдынхаа эрүүл мэндийг анхаарч, хамгийн их цастай байгаа 2, 3 дугаар багийн малчид, ахмад, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэгийг хотонд нь очиж хүргэжээ.
Аймгийн Засаг даргын орлогч сумын Онцгой комиссыг хуралдуулан, малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгоод тодорхой асуудлуудад аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Ташрамд, Улаан загалмайн нийгэмлэгээс ирүүлсэн тусламжийг аймгийн Улаан загалмайн хорооноос малчдын хотонд хүргэх ажлыг эрчимтэй зохион байгуулж буй. Энэ хүрээнд Гурванбулаг сумын 35 өрхөд тусламжийн багц олгон, дансанд нь 550000 төгрөгийг шилжүүлснээр тус сумын дээрх өрхүүдэд нийт 28 сая төгрөгийн дэмжлэгийг олгож буй юм.