БУЛГАН: Даян аваргын хөөрөг, айргийн хул орон нутаг судлах музейд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. 25 жил зодоглож 30 гаруй цол, чимэг зүүж даншиг болон арван засагтын томоохон наадамд 26 түрүүлсэн Далай даян дархан аварга Ш.Намхайн эдэлж хэрэглэж байсан дунд гарын загаст айргийн шаазан, хув толгойтой эрээн шаазан хөөрөг орон нутаг судлах музейд 50 гаруй жил хадгалагдаж байна.
Монгол үндэсний бөхийн домогт Далай даян дархан аварга Шагдарын Намхай нь Сайхан сумын Угалзын голд 1870 онд төрж, 1911 онд 41 насандаа таалан төгсжээ. Тэрбээр 1885-1910 оны хоорондох 25 жилд улсын хэмжээний бүх томоохон наадамд 26 удаа (даншигт 10, арван засагт 9) түрүүлсэн, 5 удаа үзүүрлэсэн юм.
Бяр тэнхээ, уран хурц мэх, ёс зүй, зан суртахуунаараа эрин цагийг эзэгнэсэн хосгүй гайхамшигт, 30 гаруй цол чимэгтэй, алдартай их аварга Ш.Намхай нь Богд хааны ивээлт бөх байжээ.
Даншгийн их аварга Ш.Намхайг 1908 онд Чүлтэм аваргыг орхин наадамд түрүүлэхэд нь Гадаад хэргийн анхны сайд Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддорж гардуулсан Загаст айргийн шаазан нь Булган аймгийн орон нутаг судлах музейн ховор үзмэрүүдийн нэг.
Уг загаст айргийн шаазанг XVIII-XIX зууны үед Хятад улсад үйлдвэрлэсэн байна. Аяганы дотор талд улаан хүрэн өнгийн дөрвөн загас, хөх ногоон усны ургамлын зурагтай. Аяганы гадна талд хар бэхээр бичсэн ханз бичгийн доод хэсэгт 1,3х1,3 см улаан тамгатай аж. Мөн төрөл бүрийн хэлбэртэй сав суулганд тарьсан ургамлуудын зурагтай. Аяганы гадна талын ёроол цулгуй. Булган аймгийн орон нутаг судлах музей Сайхан сумын Отгоноос 1984 онд худалдан авчээ.
Их аваргын хув толгойтой эрээн шаазан хөөрөг. Хөөргийн хүзүүн дээр хар хөх өнгийн будгаар алхан хээ, их биеийн гадна тал гадаргуу дээр хөх, хүрэн будгаар байшин, байшингийн цонх, шат, гадаа явж байгаа болон сууж буй хүмүүс, савтай цэцэг зэргийг дүрслэн үзүүлжээ. Ёроолдоо "Их чин улсын найралт төв хааны онд хийв” гэсэн хятад ханз бичигтэй. Ш.Намхай аваргын энэ хөөргийг 1973 он хүртэл иргэн Доржид хадгалагдаж байсныг мөн худалдан авчээ.