ЗАВХАН: Дилов хутагт түүхэн жүжгийн хоёр дахь аялан тоглолтыг 2300 гаруй хүн үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-22 14:16:36

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дилов хутагт түүхэн жүжгийн хоёр дахь аялан тоглолтыг амжилттай хийж 8 сумын 2300 гаруй үзэгч үзжээ.


Дилов хутагт түүхэн жүжгийг аймгийн 24 суманд хүргэх зорилгоор хоёр дахь аялан тоглолтыг энэ сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Тэлмэн, Идэр, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сонгино, Баянхайрхан сумын иргэдэд энэ сарын 14-ний өдрийг хүртэл Дилов хутагт түүхэн жүжгийг хүргэсэн байна.


Оны өмнө аймгийн хойд болон зүүн бүсийн 9 сумын Соёлын төвд жүжгээ тавьж давхардсан тоогоор 1100 гаруй хүнд хүргэсэн. Цаг агаар дулаарахаар аймгийнхаа урд бүсийн гурван сум болон Улиастай сумын үзэгчдэд жүжгээ толилуулах төлөвлөгөөтэй байна.


Мөн шинэ сар гарсны дараа Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн үзэгчдэд Дилов хутагт жүжгийг толилуулах юм.


Жүжгийн гол дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин Борхүүгийн Батболд тоглож, туслах дүрүүдэд Идэр сумын харьяат хөгжмийн зохиолч Б.Дамбадаржаа нарын Тосонцэнгэл, Их-Уул, Түдэвтэй сумын ардын авьяастнууд гээд 26 хүн оролцон тоглож байна. Жүжгийн хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан, бүжгийн багшаар Соёлын тэргүүний ажилтан Э.Амаржаргал нар ажилласан. Жүжгийг бүтээхэд 40 орчим хүн оролцсон гэж Түдэвтэй сумын Соёлын төвөөс мэдээлэв.


Ташрамд, 2024 онд номч мэргэн егүзэр, цорж, самади багш, Дэмчиг бурхны хувилгаан Дилов хутагтын 7 дугаар дүр Башлуугийн Жамсранжавын түмэн өлзий гийсний 140 жилийн ой тохиосон.


Мөн 2026 онд Түдэвтэй сумын 100 жилийн ой тохиож буй. Эдгээр түүхэн ойд зориулан Түдэвтэй сумын Соёлын төвөөс санаачлан олон нийтийн хандив дэмжлэгээр түүхэн дуулалт жүжгийг оны өмнөхөн анх удаа найруулан бэлтгэж тайзнаа амжилттай тавьсан юм.

Дилов хутагт түүхэн жүжгийн гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Борхүүгийн Батболд тогложээ

Холбоотой мэдээ