Ши Жиньпин, Путин нар цахим сүлжээгээр ярилцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН, 2025 оны нэгдүгээр сарын 22 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар цахим уулзалт хийж, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд гаргах талаар ярилцсан тухай Орос, Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлж байна.
Ши Жиньпинийг “хүндэт
нөхөр” хэмээн хүндэлж В.Путин хэлэхдээ, Орос, Хятад хоёр улс гадны дарамт
шахалтыг үл харгалзан “найрамдал, харилцан итгэлцэл, дэмжлэгийн үндсэн дээр”
харилцаагаа хөгжүүлж байна гэжээ.
Ши Жиньпин В.Путинд
хандан “стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, бие биедээ харилцан
дэмжлэг үзүүлж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахыг” уриалсан байна.
Мягмар гарагт Д.Трамп
Хятадын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулна гэж сүрдүүлснээс гадна хэрэв
Украин дахь дайныг зогсоох талаар хэлэлцээ хийхгүй бол Москвад “том асуудал” тулгарна
гэж сүрдүүлжээ.
Украины асуудлаар
тохиролцоонд хүрэхэд Оросын эрх ашгийг хүндэтгэх ёстой гэж В.Путин Ши Жиньпинд хандан
хэлснийг Оросын тэрийн тэргүүний Гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаков цахим
уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ уламжилсан байна.
Чухал эд ангиудаар Оросыг хангаснаараа Москвагийн дайны машиныг
бий болгосон гэж барууныхан Бээжинг буруутгасаар байгаа юм.
Хоёр орны худалдаа 2023 онд 240 тэрбум ам.долларт хүрснээр Оросын цэргүүд Украин руу довтолсон 2022 оноос хойш 64 гаруй хувиар өссөн байна.
“Хэрвээ Трампын баг сонирхож байгаа бол АНУ-тай харилцан ашигтай, харилцан хүндэтгэх зарчмаар харилцаа тогтооход бэлэн гэдгээ Путин, Ши нар нотолсон” гэж Ю.Ушаков хэлжээ. Тэрбээр мөн энэхүү цахим уулзалт нь “Трампын тангараг өргөх ёслолтой ямар нэгэн холбоогүй” гэдгийг дурдсан байна.
Ю.Ушаковын
хэлснээр, уулзалт цаг хагас орчмын хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэ үеэр Путин, Ши
нар Ойрх Дорнод, Өмнөд Солонгос, Тайваньд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэж, санал
бодлоо солилцжээ.
Хятадын төрийн мэдлийн
хэвлэлд мэдээлэхдээ, Ши Жиньпин “гадаад орчинд тодорхойгүй байдал үүссэний хариуд Путинтэй
хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн” гээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл
өгсөнгүй.
Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпин Д.Трамптай утсаар ярьсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч үүнийг хоёр орны хувьд “маш сайн” хэлэлцээ болсон гэж тодорхойлсон юм. Талууд хоёр улсын худалдаа, фентанил, TikTok зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
В.Путиний хувьд Д.Трамптай одоогоор ярилцаагүй байгаа боловч тангараг өргөхөөс нь хэдхэн цагийн өмнө түүнд
төрийн мэдлийн телевизээр дамжуулан баяр хүргэжээ.