ЗАВХАН: Хүний хөгжлийг дэмжсэн сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн боловсролыг хөгжүүлэх шинэ сэргэлт хөтөлбөрийн хэлэлцүүлгийг
зохион байгуулж 40 гаруй хүн оролцжээ.
Хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Улиастай сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш, ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөл оролцсон байна.
Энэ хөтөлбөр Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 39 цэцэрлэг, ерөнхий боловсролын 30 сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын 3 сургууль, МУИС-Завхан аймаг дахь Бизнес мэдээлэл, технологийн сургуулийн нийт 73 боловсролын байгууллагыг хамран хэрэгжих юм.
Хэлэлцүүлгээс хөтөлбөрийн хүрээнд зургаан зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар
боллоо. Чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгож сургалтын чанарыг сайжруулна. Багшлах боловсон хүчин, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлж нийгмийн баталгааг сайжруулна. Мэдээллийн технологид суурилсан сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулна. Мөн
цахим сургалтын удирдлагын платформ, Pearson, Eduten, Astrid- г аймгийн хэмжээний бүх сургуульд нэвтрүүлнэ.
Боловсролын салбарын инновацыг хөгжүүлж, шинэ арга зүй, технологийг нэвтрүүлнэ. Хүүхдийн хөгжлийг дэмжиж, эцэг эх асран хамгаалагч, бүх нийтийн оролцоог хангаж ажиллах юм.
Хүний хөгжлийг дэмжсэн сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Аймгийн Боловсролын газар хэлэлцүүлгээс гарсан саналуудыг хөтөлбөрт тусган, аймгийн ИТХ-д танилцуулна гэж Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв.