ЗАВХАН: Үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-23 19:53:51

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх нутгаар өнөөдөр шөнө цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.


Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтний эрч 10-15 градусаар чангарч зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж үзэгдэх орчин хязгаарлагдахыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Ялангуяа өнөөдөр шөнөөс баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж шуурна.


Завхан аймгийн цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн 1 дүгээр сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас энэ сарын 23-24-ний шөнө ихэнх нутгаар орно. Нэгдүгээр сарын 24, 26, 26-27-ны шөнө зарим газраар, 24-25-ны шөнө, 27-нд нутгийн хойд, Хангайн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс секундэд 5-10 метр, 24-27-нд зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Агаарын температурын хувьд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө -43-48 градус, өдөртөө -32-37 градус хүйтэн байна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -37-42 градус, өдөртөө -25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -28-33 градус, өдөртөө -17-22 градус хүйтэн байна.


Үзэгдэх орчин хязгаарлагдаж автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсэх тул иргэдийг автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Малчид, тээвэрчид цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, шаардлагагүй бол зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.  

Холбоотой мэдээ