Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдаж, 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан дүүргийн “Гамшгаас урьдчилан сэргийлэх анхдугаар зөвлөгөөн”-өөс гал түймэр, гамшиг, ослын үед яаралтай тусламжийн болон шуурхай албаны тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд саад учирдаг мухар гудамж, хаалт, хашлага, объектуудыг буулгаж, чөлөөлөх шаардлагатай талаар иргэд, алба хаагчдаас санал гарчээ. Тус санаачилгын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлах зөвлөмж гаргав. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх халиа дошин үүсдэг газарт суурьшсан айлуудыг үе шаттай чөлөөлөх, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, хамгаалалтын чиглэлээр цөөнгүй ажил хийх аж.
Энэ талаар СХД-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Б.Золбоо ярихдаа “Ямар нэгэн эрсдэл болоход Онцгой байдал, эмнэлэг, цагдаа, яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтэрдэг байх ёстой. Яг нэвтрэх гэхээр орон сууцны хорооллууд гаднаа хаалт хийсэн, гудамж, замуудыг нь мухарлаад обьект барьсан, төлбөртэй зогсоол нэрээр хашаа бариад хаалт хийдэг болсон. Ийм тохиолдол хаа сайгүй болж, эмх замбараагаа алдлаа. Тиймээс Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгох зарлах зөвлөмж гаргая. Мал аж ахуй эрхэлдэд хороодод зуд, үерийн эрсдэл бий. Тиймээс үүнийг одоо ярих цаг нь болсон” гэв.