ЗАВХАН: Эмгэг судлалын лабораторид 800 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-06 11:06:16

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын баг Завхан аймагт ажиллажээ.


Ажлын баг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын алба хаагчидтай уулзаж эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлууд, ололттой тал юу байгаа талаар сонслоо.


Ажлын багт ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болох УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Отгонбаатар, ХСҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх нар ирж мэдээлэл өглөө.


Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарын эдийн засгаа тэлэх бодлого боловсруулж, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээ салбарынханд танилцуулав.

Завхан аймгийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт 50 хувьтай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд мэдээлэл өглөө.


Харин бүх төрлийн хавдрын өвчлөлөөр улсын дундажтай харьцуулахад үзүүлэлт өндөр биш боловч нийт хавдраар өвчлөгсдийн 85 хувь хожуу оношлогдож буйг Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал С.Хүрэлсүх танилцууллаа.


Энэхүү судалгаа тоо баримт дээр тулгуурлан Увс, Завхан аймагт эмнэлгийн ямар тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгааг, ямар чиглэлээр боловсон хүчин бэлтгэж, хавдрыг бууруулах оновчтой, зөв төлөвлөлт хийхэд анхаарах санал зөвлөмж гаргаад байна.


Тиймээс энэ чиглэлд аймаг орон нутгийн удирдлагууд саналаа гаргаж хүний нөөц бэлтгэх, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэг болголоо. Мөн үеэр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын лабораторид 800 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр болов.


Ташрамд, Завхан аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд ходоодны дурангаар салст хуулах хагалгааг хийж эхэлсэн нь зонхилон тохиолдох ходоодны хавдрын өвчлөлийг бууруулах алхам болж байна.


Мөн аймгийн хэмжээнд хавдрын, зүрх судасны өвчлөл их байгаатай уялдуулан эмч нарыг сургах, боловсон хүчин бэлтгэх, тоног төхөөрөмж шинэчлэх тал дээр анхаарах, иргэд амьдарч буй орон нутагтаа эмчлүүлж сувилуулах боломжийг бүрдүүлж ажиллахаар болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Завхан аймгийн иргэдтэй эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уулзалт хийж

эрүүл мэндийн салбарын үйлчилгээний талаар санал солилцож мэдээлэл өглөө.


Орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудтай уулзалт хийв.

Холбоотой мэдээ