Их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ-аас авто замын түгжрэлийг багасгах зорилгоор Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгоно.
Энэ ажлыг эхлүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Skyral” компанийн захирал Николас Жон Блэр нар уулзлаа. Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар, “Авто замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлнэ. Тухайлбал, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Трамвайн хоёр шугам, метроны шугамыг эхлүүлэхээр олон улсын тендерийг үе шаттай зарлалаа. Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хиймэл оюуны их өгөгдөлд суурилсан загварчлал дээр бүх инженерингийн төлөвлөлтөө хийнэ” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Их өгөгдөлд суурилсан загварчлалаар трамвайн нэгдүгээр
шугамын өртөөнүүд хаана байрлавал тухайн орчмоос хамгийн их хүн зорчих, Тойрог
хурдны замын трассыг хаагуур татвал түгжрэл багасахыг хүн бүрийн гар утасны хөдөлгөөн, явж буй маршрутад хиймэл оюун дүгнэлт хийж,
хамгийн боломжит загварчлалыг гаргаж өгөх юм.
“Skyral” компани нь хиймэл оюуны тусламжтай
хамгийн сүүлийн үеийн загварчлал бий болгон Засгийн газар, бизнесүүдэд
практик, уян хатан, үр ашигтай шийдлийг нэвтрүүлдэг байна.