“Монгол бахархлын өдөр”-өөр Хэнтий аймгийн музей үнэ төлбөргүй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-24 13:49:06

Мянганы суут хүмүүн их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойн баяр 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байна. “Монгол бахархалын өдөр” буюу бүх нийтийн амралтын энэ өдөр Хэнтий аймгийн Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Энэ  өдрийг угтаж энэ сарын 25-29-ний өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж. Тасалбарын үнэ: Сэцэн ханы ордон музей Насанд хүрэгчид-1500, Сургуулийн насны хүүхэд-250, Цэцэрлэгийн насны хүүхэд 150, Орон нутаг судлах музей Насанд хүрэгчид-1000, Сургуулийн насны хүүхэд-250, Цэцэрлэгийн насны хүүхэд 150 төгрөг байх юм.

Хэнтий аймгийн Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей нь нийтдээ шашны зан үйлийн, угсаатны зүйн, сэцэн ханы, ардын тоглоом наадгайн, түүхийн, байгалийн, алдартнуудын, ардчиллын, уран зургийн гэсэн үзүүллэгийн 10 танхимтай. Музейн сан хөмрөгт 2000 гаруй үзмэр бүтээл хадгалагддаг бөгөөд сан хөмрөгөө Хэнтий аймгийн түүх, шашин, угсаа нийтлэгийн онцлогийг харуулсан үзмэр эд өлгийн зүйлсээр болон нутгийн уран гарчуудын бүтээлээр баяжуулсаар ирсэн байна.

Сэцэн ханы ордон музейн цуглуулгад угсаа залгамжилсан Сэцэн хануудын эдэлж хэрэглэж байсан үнэт ховор эд зүйлс, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт олноороо суурьшдаг Халх, Буриад, Хамниган угсаа нийтлэгүүдийн ахуй соёлыг харуулсан угсаатны зүйн үзмэрүүд, шашны эд зүйлс, үнэт ховор судар ном, бурхан шүтээнүүд Монгол улсын хосгүй үнэт үзмэр Халхын Сэцэн ханы тамга хадгалагддаг.

Орон нутгийг судлах музейд аймгийн түүх соёлын дурсгалт газрын зураг, уран зураачдын бүтээл, аймгийн үзэсгэлэн төгс байгалийн олдвор ан амьтан, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээжис, Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын намтар түүхийг, Монгол нутгаас харьцангуй бүтнээрээ олдсон анхны тохиолдол болох Савагт хирсний ясыг дэглэснээрээ онцлогтой. Мөн тус аймгийн музейн дэргэд Хэнтий аймгийн жуулчны мэдээллийн төв үйл ажиллагаа явуулж байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ