ЗАВХАН: Хөдөлмөрийн насны иргэдийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-06 16:29:08

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны буюу 15, түүнээс дээш насны 45.1 мянган хүн байна.


Эдгээрийн 23.7 мянга нь эрэгтэй, 21.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны хүн ам 2023 оны байдлаар өмнөх оны мөн үеэс 0.8 мянгаар өсжээ.


2024 оны ажиллах хүчний судалгааны урьдчилсан дүнгээр хөдөлмөрийн насны иргэдийн тоо өссөн. Ажиллах хүчний оролцооны түвшин ч өссөн үзүүлэлт гарахаар байна. Нэгдсэн дүн хараахан гараагүй байна.


Аймгийн ажиллах хүчний оролцооны түвшин 2023 онд 74,3 хувь байсан. Энэ нь хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 74 нь ажил хийж байгаа болон ажил хийхийг хүсэж байгаа хүмүүс байна гэсэн үг. 


Энэ үзүүлэлт 2022 оноос 7,7 нэгж хувиар өссөн нь хөдөлмөрийн насны хүн амын дотор ажиллагсад болон ажил идэвхтэй хайж байгаа иргэд нэмэгдэж байгааг харуулж байсан юм. Ажиллах хүчний оролцооны түвшин улсын дунджаас 24,1 нэгж хувиар их, баруун бүсийнхээс 10,1 нэгж хувиар их байв.


Хөдөлмөр эрхлэлтийн түвшин нь хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг ажиллагсад эзэлж байгааг харуулдаг үзүүлэлт юм.

 

Ажиллах хүчний оролцооны түвшин нь хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг ажиллах хүчин эзэлж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Мөн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал, эдийн засагт хөдөлмөрийн насны хүн амыг ажлын байраар хангах зорилтын хэрэгжилтийг хянах хэмжүүр болдог.

Ажиллах хүчний тоог хөдөлмөрийн насны хүн амд харьцуулж ажиллах хүчний оролцооны түвшнийг (АХОТ) тооцно гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ