ДЭМБ-аас гарна гэдгээ Аргентин мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-02-06 15:39:47

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ гарна гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэль Адорни лхагва гарагт мэдэгджээ.


Аргентины либертари үзэлт Ерөнхийлөгч Хавьер Милейтэй ойрын харилцаатай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө АНУ-ыг тус байгууллагаас гаргахаар шийдвэрлэсэн юм.


Эрүүл мэндийн асуудлуудыг зохицуулах, тэр дундаа COVID-19 цар тахлын менежменттэй холбоотой санал зөрөлдөөний улмаас Х.Милей Аргентиныг ДЭМБ-аас гаргах үүрэг өгсөн гэж М.Адорни хэлжээ. Ингэхдээ өмнөх зүүний засгийн газрын үед олон сарын турш хөл хорио тогтоосныг эш татсан байна. Тэрбээр мөн “бусад улс орны улс төрийн нөлөөнөөс хараат бус байх” асуудлыг дурджээ.


Д.Трамп мөн адил COVID-19 цар тахал болон олон улсад нүүрлэсэн бусад эрүүл мэндийн хямралыг зохицуулах чиглэлд хангалтгүй ажилласан, түүнчлэн хамгийн том санхүүжүүлэгч болох АНУ-аас шударга бусаар төлбөр шаардсан гэж мэдэгдсэн байна.


Сүүлийн үед Аргентины гаргаж буй шийдвэрүүд нь хилийн аюулгүй байдал, худалдаа, шилжилт хөдөлгөөний талаарх Д.Трампын шийдвэрүүдийг дууриасан шинжтэй байгаа юм. Тухайлбал, Аргентины Үндэсний аюулгүй байдлын яам Боливи улстай залгаа хилийн хяналтыг чангатгахын тулд Салта мужид хана босгоно гэж мэдэгджээ. 


 



Холбоотой мэдээ