ЗАВХАН: Тангаргаа монгол бичгээр зөв цэвэр бичихийг цахим орчинд уриалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 7
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Шилүүстэй сумын төрийн албан хаагчид төрийн албан
хэрэг хөтлөлтөө хос бичгээрээ явуулж эхэлжээ.
Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэлсэн.
Шилүүстэй сум
116 төрийн албан хаагчтай. Эдгээр төрийн албан хаагчдад сүүлийн хоёр жил монгол бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион
байгуулж байна. Сумын ЗДТГ-аас 30 гаруй албан хаагчид зориулж монгол бичгийн
ахисан шатны мэдлэгээ бататгаж цахим орчинд болон албан хэрэгцээндээ хос
бичгийг ашиглаж дадлагажих нэг сарын сургалтыг явуулж дуусжээ. Сургалтыг сумын
ЗДТГ-ын мэргэжилтэн өөрөө чиглүүлэн ажилласан байна.
-Манай байгууллага монгол бичгийн анхан шат үсгээ танин мэдэх, холбож унших, хичээнгүй бичих, дунд шат мэдлэгээ сэргээн бататгаж, дүрэм тогтоох, уншлагын хурдаа сайжруулах сургалтуудыг өөрийн дотоод нөөц боломжоо ашиглан байнга зохион байгуулсан. Энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн төрийн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж байгаатай холбогдуулан ахисан шатны сургалтыг амжилттай явуулж дууслаа.
Албан хаагчид монгол бичгийн мэдлэгээ бататгаж цахим орчинд бичих, албан хэрэгцээндээ хос бичгээ хэрхэн ашиглах, ялангуяа компьютер дээр хэрхэн бичиж ашиглах талаар заалгалаа.
Сургалтад оролцогчид сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө монгол бичигт хөрвүүлэн компьютерт шивж бүтээлчээр суралцлаа. Сургалтын төгсгөлд "Төрийн албан хаагчийн тангараг"-аа зөв хичээнгүй бичих уриалга аяныг оролцогчид өрнүүлсэн.
Энэ аянд бусад төрийн албан хаагч 24 цагийн хугацаанд тангаргаа бичиж нүүр номдоо нийтлэн, дараагийн уриалах гурван албан
хаагчийг нүүр номдоо уриалах юм. Ингэснээр зөвхөн сумандаа биш нийт төрийн
албан хаагчийг хос бичгээрээ цэвэр зөв бичиж хэвшихийг уриалж буй юм.
Монгол бичиг нь бидний үндэсний бахархал, өв соёл юм. Тиймээс бид цахим орчинд хос бичгээрээ зөв алдаагүй бичиж олон нийтэд зөв дуурайл үзүүлэх нь үүрэг юм.
Мөн монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй
хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид бид манлайлан үлгэрлэх ёстой гэж Шилүүстэй
сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн И.Чойжилжав мэдээлэв.
Шилүүстэй сумын ЗДТГ нь 2024 онд аймгийн хэмжээнд зохион байгуулсан монгол бичгийн аян,
үйл ажиллагаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлжээ.
Шилүүстэй сумын ЗДТГ нь төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж байгаа
бөгөөд
иргэдэд зориулсан мэдээллийн самбараа өдөр бүр хос бичгээр хөтөлдөг
байна.