Гретцки, Овечкин хоёрын гоолын зөрүү 15 боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-07 15:25:24

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 7. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн довтлогч Александр Овечкин “Филадельфиа Флайэрз” багтай талбайд нь хийсэн тоглолтод нэг гоол оруулжээ.


Тоглолт 4:3 харьцаагаар зочин багийн ялалтаар өндөрлөж, Овечкин (20 дахь минут), Коннор Маймайкл (25), Ларс Эллер (47), Жейкоб Чикран (53) нар, талбайн эздээс Матвей Мичков (18, 32), Тайсон Ферстер (48) нар гоол оруулсан байна.


Ийнхүү 879 дахь шайбаа оруулсан А.Овечкиний хувьд Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн Гретцкигийн амжилтыг давтахад 15 шайб оруулах үлдлээ. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм. Энэ улиралд А.Овечкин 26 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт хийгээд байна.


Ингэснээр Үндэсний хоккейн лигийн бүх цаг үеийн шилдэг довтлогчдыг оноогоор эрэмбэлдэг жагсаалтад А.Овечкин 1590 оноо авч /879 гоол+711 дамжуулалт/ 11 дүгээрт бичигдсэн Фил Эспозитог гүйцлээ. Энэ үзүүлэлтээр тэргүүлж буй хоккейчин бол домогт Уэйн Гретцки бөгөөд тэрбээр 2857 оноо /894 шайб+1963 дамжуулалт/ авчээ. Хоёрдугаарт Чехийн Яромир Ягр /1921 оноо/, гуравдугаарт Канадын Марк Мессье /1887/ нар бичигдэж байна.  


Одоогийн байдлаар “Вашингтон Кэпиталз” баг 54 тоглолтод 78 оноо авснаар Нийслэлийн дивизионыг тэргүүлж байгаа бөгөөд дараагийн тойрогт вашингтончууд хоёрдугаар сарын 9-нд өөрийн талбайд “Юта” багтай тоглоно. 

Холбоотой мэдээ