ОРХОН: Компьютер дээр үндэсний бичгээр бичиж сурах сургалтыг тогтмол зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар
сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуульд 2025 оны нэгдүгээр
сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах
байгууллага төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлнө гэж заасан.
Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн
албан хаагчийн үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Насан туршийн суралцахуйн төв, боловсролын
газрын багш мэргэжилтнүүд төрийн байгууллагын албан хаагчдад монгол бичгээр
цахим бичвэрт ажиллах сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна.
"Монгол хэлний тухай хууль"-ийн 7.2, 24.2 дахь зүйлийн
хэрэгжилтийг ханган ажиллах, албан хэргийг монгол бичгээр хөтлөх ур чадварыг
дээшлүүлэх, монгол бичигт сургах ажлын хүрээнд "Компьютер дээр үндэсний
бичгээр бичиж сурах" сургалтыг Насан туршийн суралцахуйн төвийн Б.Баттулга
багш Нийгмийн даатгалын хэлтэст зохион байгууллаа.
Тус сургалтаар монгол бичгийн гарыг хэрхэн суулгах, хэрэглэх,
албан бичгийг стандартын дагуу төлөвлөх, хэвлэх, хөрвүүлгийн цахим сайтыг
оновчтой ашиглах, арга зүй, ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Ингэснээр ямар ч бичгийг стандартын дагуу зөв төлөвлөх боломжтой болж байна.
Мөн сургууль, цэцэрлэгийн багш нар ажилтнуудад
"Оноосон нэр зөв бичих арга" сэдэвт сургалтыг тогтмол ажлын байранд
нь зааж, монгол бичгээр төрийн албан
хэрэг хөтлөх ажлыг жигдрүүлэхэд Насан туршийн суралцахуйн төв манлайлан ажиллаж байна.