Ю.Үнэнбүрэн: Гадаадын таван орноос жуулчид ирж, тэсгим хүйтнээр тэмээтэй аялаад буцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-10 11:07:47

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Дэлхийн морьтнууд” төслийн санаачлагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ю.Үнэнбүрэн гадаадын жуулчдыг өвлийн тэсгим хүйтэнд тэмээ унуулан Монголын говиор аялуулах эвентийг санаачлаад найман жил болж байна. “Өвлийн тэмээн аялал-2025” амжилттай үргэлжлээд Арвайхээрт ирэхэд нь уулзаж ярилцлаа.


-Та Монгол оронд өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байна. “Өвлийн тэмээн аялал” төсөл хэдэн жил үргэлжилж байна вэ?

-Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн боломжтой. Гэхдээ хүмүүс цаг агаарын байдлаас болоод үүнийг хийхгүй байна. Үнэ цэнийг нь ч сайн мэдэхгүй байна. Миний хувьд 2018 оноос хойш найм дахь жилдээ холын зайн “Тэмээн аялал”-ыг хийж ирлээ. Энэ хугацаанд Америк, Австрали, Өмнөд Африк, Шинэ Зеланд зэрэг нэлээн хэдэн орноос 160 орчим хүн ирж оролцсон. Монголынхоо нүүдэлчин ахуйн өв соёл, унаган төрхөө хадгалж буй өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газрууд, хөдөөгийн амьдрал, зан заншил гээд бүгдийг харуулж, дэлхий дахинд сурталчилдаг.



Ер нь алсдаа энэ аялал монголчуудын хамгийн сайн хөгжүүлж чадах, хувь хүн болон улс оронд ашиг авчрах чухал зүйл гэж би хардаг юм. Манай улс олон жил уул уурхайг шүтэж, эдийн засгаа хөгжүүлэх гэж үзсэн. Эцэст нь хэдэн хар нүх л үлдлээ. Харин аялал жуулчлал бол байнгын хөрөнгө оруулалттай, өөрийн нутаг ус, эх орноо биет хүнээр дамжуулан гадаад улс оронд бодитоор сурталчлахын зэрэгцээ ашиг олж байдаг, хамгийн үр өгөөжтэй салбар.



Энэ жилийн аяллаа хаанаас эхлээд аль хүртэл явж байна. Өвөрхангай аймгийн ямар газар нутгаар аялав?

- Бид аяллаа Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Нугын элсээс эхлээд Богд хайрхнаа ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойрч, Богд сумаар ороод Алтан нам, Тэвш уул, Өөш хайрханыг дамжин 450 км замыг туулсан.


Америк, Австрали, Герман, Шинэ Зеланд, Канад зэрэг таван орноос 13 хүн ирж, сайхан аялаад буцаж байна. Энэ өвөл цаг агаар дулаахан, цас зудгүй, хаана ч очсон хүний нүүр тэнэгэр, баяр баясгалантай, мал тарган байна.


Аялалдаа энэ бүс нутгийг яагаад сонгосон бэ гэхээр Зүүн Богд, Баруун Богд гээд хоёр сайхан хайрхан, түүний урдаас 130 км үргэлжилсэн Арц Богдын нуруу гэж бий. Энэ гурван хайрхныг эрт дээр үеэс Арц гурван Богдын ай сав гэж нэрлэж ирсэн бөгөөд эрдэмтэд энэ газарт “Анх хүн төрөлхтөн бий болжээ” хэмээн судалж гаргаад байгаа юм.



Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй”-н олдвороос дээж авч, 800 мянган жилийн тэртээ хүн амьдарч байсныг тогтоосон. Монголд эртний түүх агуулсан хоёр агуй байдгийн нэг нь Баянлигийн Цагаан агуй, нөгөө нь Ховд аймгийн Цэнхэрийн агуй.


Аяллынхаа талаар цааш үргэлжлүүлэн ярихад Чингис хаантай холбогддог Тэвш хад бий. Энд монголчуудын хүрэл зэвсгийн үеэс дундад зууны үед холбогдох 200 гаруй булш, хиргисүүр, хадны сүг зураг байдаг. Үүнээс доош уруудаад Арцын зүүн хажуу төгсгөл дээр нь чулуун зэвсгийн үеийн олдвор, тэр байтугай чулуун зэвсэг үйлдвэрлэж байсан туурь олдоод байгаа.


Өнгөрсөн жил Богд сумын 100 жилийн ойгоор хүн төрөлхтний үүх түүхийг өгүүлсэн, Монголын 350 сумын алинд ч байхгүй тийм сайхан цогцолборыг байгуулсан байна. Энэ нь хүн төрөлхтний түүхийн голомт энд байна гэдгийг л тодорхойлоод байгаа юм.



-Гадаадын жуулчид идэр есийн хүйтэнд анх удаа тэмээ унаад аялж байгаа нь, бас бүгд монгол дээл, хувцас өмссөн нь бахархалтай, сайхан санагдлаа.

-Тэмээ унах байтугай, харж байгаагүй хүмүүс ирж байгаа шүү дээ. Зураг л харсан байдаг байх. Энэ бүрэлдэхүүнд 60-аас дээш насны хүн ч яваа. Тэмээ гэдэг чинь сүртэй амьтан. Мэдээж, эхлээд унахад айдас байлгүй яахав. Гэхдээ удалгүй тэмээндээ дасаад унаад сурчихдаг. Энэ сайхан соёл иргэншийг гайхаад бахархаад буцдаг юм даа.


Нэгэнтээ л монгол ахуй, монгол өв соёлоо сурталчлахыг зорьж байгаа болохоор ирсэн бүх хүмүүст иж бүрэн монгол хувцас буюу дээл, хантааз, малгай, гутал бэлдэж өгөөд, явахад нь бэлэглэдэг. Энэ нь жуулчдад их таалагддаг, дуртай байдаг юм.


-Зургаас харахад хөтөч малчид байна. Нэлээн олон тэмээ харагдаж байна. Хөдөөгийн иргэдэд багагүй хөрөнгө орууллат хийдэг байх гэж бодогдлоо.

-Тэмээний хөтөчөөр 10 хоногт найман хүн авч явдаг. Богд, Баруунбаян-Улаан сумын малчид. уналгын 30 орчим тэмээг өдрийн 100 мянгаар хөлсөлж байна. Нэг удаагийн аяллаар тэмээчдэд дунджаар 14 сая төгрөгийн орлого оруулдаг. Аялал зохион байгуулж байгаа баг 13 хүний бүрэлдэхүүнтэй. Жуулчид өөрсдөө албан ёсны эмчтэй ирдэг. Монголын эм, тариаг чанар муу гээд хэрэглэдэггүй.



-Тэмээний өв соёлыг аялал жуулчлалд өөрөөр яаж ашиглах боломжтой вэ?

эмээ бол таван хошуу мал дотроо эдэлж хэрэглэхэд хамгийн үр ашигтай амьтан. Манай эцэг өвгөд 13 дугаар зуунаас эхлэн дайн байлдаанд тэмээгээр уналга хийж, аян жин тээж эхэлсэн байдаг. Монголчууд 1950-аад оныг хүртэл аян жин, нүүдэл суудалдаа тэмээг түлхүү ашиглаж ирсэн.


Нүүдэлчин амьдрал бол тэр чигтээ аялал байлаа. Одоо л суурьшмал амьдралд орж, нүүдэлчин ахуйгаа мартаад аяллыг гадны нүдээр хардаг болсон байна. Мал хувьчилсны дараа нэг хэсэг тэмээний тоо толгой нэлээд цөөрсөн ч сүүлийн үед малчид маань энэ сайхан амьтныг өсгөх талаар санаа тавих болсонд баярладаг.


Сая Өвөрмонголд явж байхад хамгийн үнэтэй цагаан идээ бол ингэний ундаа, хоормог ааруул байлаа. Нэг литр хоормог манайхаар 100 мянга, нэг килограмм ааруул 120000-130000 төгрөг байна. Эндээс ч гэсэн санаа аваад тэмээтэй аймгууд нийлж нэгдээд тэмээнийхээ өв соёлыг түгээж, идээ цагаагаа зах зээлийн эргэлтэд оруулж,  аялал жуучлалыг хөгжүүлэх боломж, бололцоо бүрэн байна.


-Таныг “Монгол брэнд - Морин өртөө” аяллаар хүмүүс андахгүй. Малчдын үзэх дуртай ганц нэвтрүүлэг болоод байна.

-XIII -XIV зууны үед Монголын морин өртөө дэлхийг эзэлж байсан. Монголын хаад, ноёдоос гаргасан шийдвэр гурав хоногийн дотор дэлхийн улс орнуудад хүрдэг байсныг түүхэнд тэмдэглэж үлдээсэн байна. Хубилай хааны үед бүх өртөөний морь таван бум гаруй, өртөөний өргөө нэг түм гаруйд хүрч байсан гэдэг.

Тийм учраас монголчууд морин өртөөгөөр дэлхийд хүрч байсныг батлах, хойч үе, олон нийтэд мэдүүлж сурталчлах, цаашлаад олон улсын уралдаан болгох зорилгоор “Монгол брэнд - Морин өртөө” зуны аяллыг эхлүүлсэн. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ