Хүйтрэхэд галын аюул нэмэгддэгийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-24 17:13:11

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймрээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр хүүхэд, Дархан-Уул аймагт нэг иргэн гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс гал гарах нь нэмэгддэгийг ч мэргэжилтнүүд сануулж байна. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ гэртээ орхих, цоожлох зэргээс  хүүхэд гал түймрийн аюулд өртөх эрсдэл ч гардаг.

2016 оны эхний 10 сард буюу өнөөдрийн байдлаар объектын гал түймэр улсын хэмжээнд 2985 удаа гарч 30 хүн түлэгдэж гэмтэн, 31 хүн амь насаа алдсан байна. Иймд иргэдийг  галын аюулаас урьдчилан сэргийлж  пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас  50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх, галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна.Пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж  хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй. Орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг  заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэх, бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ