ЗАВХАН: Үндэсний бичиг соёлоо дээдэлж өвлүүлэхийг уриалж бүтээлийн үзэсгэлэн гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай сумын
ерөнхий боловсролын сургуулийн Чандмань эрдэнэ сургуулийн Б.Бямбасүрэн багштай
8б ангийнхан “Босоо бичиг бидний гоёл” нэртэй монгол бичгийн бүтээлийн үзэсгэлэнг
гаргажээ.
Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэлсэнтэй холбоотой монгол бичгийг сурталчлах. "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдаанд тэргүүн байр болон тусгай байрыг эзэлсэн бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор тус үзэсгэлэнг гаргажээ.
Монгол бичгээ дээдэлдэг, “Хүмүүн бичиг” сонины байнгын
захиалагч, монгол бичгийн бүтээлүүдийг анги хамт олноороо хийж үе тэнгийнхэндээ
сурталчлан таниулдаг 86 ангийн багш Б.Бямбасүрэнгээс тодрууллаа.
-Маш сонирхолтой, бүтээлч үзэсгэлэнг гаргажээ. Үзэсгэлэнд хэдэн
бүтээл байна вэ?
-Манай ангийнхан үндэсний монгол бичгээ сурталчлах зорилгоор бүтээлийн үзэсгэлэнгээ сургууль дээрээ 3 дахь өдрөө дэлгэн үзүүлж байна. Монгол бичиг бол бидний үндэсний бахархал өв соёл юм. Манай ангийнхан 6 дугаар ангиасаа хойш буюу хоёр жилийн хугацаанд монгол бичгийн бүтээлүүдийг хийж эхэлсэн. Жил бүр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд бид бүтээлээ байнга явуулж оролцсон. Сүүлийн хоёр жил бахархам амжилтуудыг гаргасан. Анхны жил бид “Хүмүүн бичиг” сониныг жилийн турш захиалах эрхээр шагнуулсан.
Энэ шагналд манай хүүхдүүд урамшаад улсын уралдаанд маш их бэлтгэлтэй, санаачилгатай оролцдог болсон юм. Энэ жил гэхэд ангийн маань хоёр сурагч тусгай байр, сонин захиалах эрхээр шагнуулсан байна.
Өнгөрсөн жил манай ангийн нэг сурагчийн бүтээл тэргүүн байр эзэлсэн гээд бидний амжилт их. Хүүхдүүдийн маань бүтээл ч жил ирэх тусам чамбайрч байна. Улсын уралдаанд тавигдсан бүтээлүүдийн талаарх мэдээлэл, гэрэл зургуудыг ангийнхандаа байнга мэдээлж, уралдаанд очиж оролцсон хүүхдүүд маань улсын уралдаанд тавигдсан бүтээлүүдийг үзэж сонирхоод бүтээлийн шинэ санаатай ирдэг.
Манай анги 33 хүүхэдтэй. Энэ үзэсгэлэнд 50 орчим бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Хүүхэд бүр бүтээл хийсэн. Зарим хүүхэд гэхэд 4-5 бүтээлийг хийсэн байна. Хүүхдүүд маань цаасан дээр, модон дээр, даавуун дээр, малын арьс, малын дотор эрхтэн хэрхэнэг, гүзээн дээр гээд төрөл бүрийн материалд үндэсний монгол бичгээрээ бичиж, оёж, уран бичлэгээр сийлсэн гээд сонирхолтой бүтээлүүдийг хийсэн.
-Хүүхдүүд монгол бичигт шимтэж суралцана гэдэг бахархам юм?
-Би өөрөө монгол хэлний багш. Тиймээс монгол хэл, монгол бичгийн хичээлүүдийг яаж хүүхдүүдэд сонирхолтой зааж, тэднийг шимтэн дурлуулах вэ гэхчлэн сургалтын арга барилдаа илүү анхаарч хүүхдүүдтэйгээ ажилладаг. Тийм дээ ч хүүхдүүд маань эх хэлнийхээ хичээлд илүү сонирхолтой суралцдаг.
Ялангуяа үндэсний бичиг, соёлдоо их сонирхолтой дуртай. Хичээлийн жилийн эхэнд л багшаа, энэ жилийн улсын уралдаанд монгол бичгээрээ ийм бүтээл хийе, тийм бүтээл илүү сонирхолтой байна гээд л санал солилцдог юм.
Ер нь ангийн хүүхэд бүрийг бүтээл хийлгэх, томоохон бүтээлийг эхлүүлэхдээ хүн нэг бүрд үүрэг ногдуулахаар тэд маань урам авдаг. Өдөр ирэх бүр сэтгэлгээ нь задгайрч үндэснийхээ бичгийг бусад өв соёлтой холбох. Багаар ажиллах, хамтарч хийх, бүтээлийн санаа олох, судалгаа хийх гээд тэд маань өдөр бүр сайжирч суралцдаг.
Багшийн зүгээс ч анзаарч ажигладаг. Чингис хааны үгийг бичихдээ судалгаа хийж байна уу, ном уншиж байна уу, эрэлхийлж байна уу. Бичих чадвар нь сайжирч байна уу гээд ажигладаг.
Ингээд хүүхэд бүрийн сайжирч байгаа
чадваруудыг нь урамшуулж урам өгөхөөр тэдний унших, бичих чадвар сайжирч бүтээл
илүү чамбай болж байна. Жил бүр улсын уралдаанд амжилт гаргахдаа гол нь биш,
харин оролцох нь чухал гэдгийг хүүхдүүд маань ойлгож мэддэг төдийгүй олон
зүйлийг сурч байгаа нь сайшаалтай.
Хүүхдүүд маань
өөрийнхөө бүтээлийг бусдын бүтээлтэй харьцуулж байгаад дараа жил би яг үүнээс
илүү гоё бүтээл хийнэ гэдэг. Энэ нь хүүхдэд үндэсний
бичгээ сурах хүсэл илүү төрж байна.
-Хүүхдүүдийн бүтээлүүд янз бүрийн материалыг ашиглаж урласан
харагдаж байна. Жишээлбэл малын арьсан дээр, эсгий, модон дээр гээд өөр өөрийн
арга барил бий байх. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Олон удаагийн туршилтаар өөрсдийн гэсэн арга барилтай, чадвартай болж байна. Мөн сүүлийн хоёр жил улсын уралдааны бүтээлүүдийг хүүхдүүддээ нэг бүрчлэн үзүүлж таниулсан нь ч нөлөөлсөн байх. Багш аа модон дээр бичиж болдог юм байна шүү дээ, ер нь бүх зүйл дээр монгол бичгээр бичиж болох юм байна гээд тэд санаагаа өөрсдөө олоод ирдэг. Тэгээд хамтдаа оролдлого хийдэг юм. Жишээлбэл малын хэрхэнэг дээр гэхэд бийрээр бичиж анх үзсэн. Бийрээр бичихэд уусаад байсан учраас оёх юм байна гэх жишээний.
Мөн хурганы арьсан дээр балаар бичье гэж яриад бичиж үзэхэд нэг л болохгүй байсан учраас нарийн бийрийг ашиглаж монгол бичгээр бичих жишээний байна.
Гэх мэтчилэн хүүхдүүд маань гэртээ болон анги
дээрээ маш олон удаагийн оролдлогуудыг хийдэг. Яг ийм сэдэл, оролдлогыг нь
дэмжээд багшийн зүгээс чиглүүлээд хамтраад заагаад явж байна. Өнөөдөр ангийн
хүүхдүүд маань үндэсний бичиг бол
ерөөсөө үндэсний өв соёл юм. Энэ өв бичгээрээ бүх зүйл дээр бичиж, утга
агуулга төгөлдөр бүтээлийг бүтээх юм байна гэсэн нэгдмэл сэтгэлтэй болжээ.
-Танай анги "Хүмүүн бичиг" сониныг байнга захиалж уншдаг хамт олон. Сониноос хүүхдүүд яг ямар мэдээллийг илүү шимтэн уншдаг вэ?
-Хүүхэд
бүхэн сургуульд орсон цагаасаа эхлэн үндэсний бичгээ үзэж эрхэмлэн дээдэлж,
түгээн дэлгэрүүлэгч байх ёстой. Манай ангийнхан 6 дугаар ангиасаа
эхлээд "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншиж байна. Сонины бүх бичвэрийг бид
хичээл дээрээ ашигладаг. Хүүхдүүдэд сүүлийн үеийн сонирхолтой мэдээ, спорт,
урлагийн мэдээнүүд сонирхлыг нь татдаг. Тэд сониноос спортын мэдээг нь ихэвчлэн
уншдаг. Тэгээд энд ийм мэдээ гарсан байна гээд нэг нь уншиж өгч бусад нь
сонсож, бас хоорондоо ярилцаж байгааг нь хардаг.
Бас Бямбын Ренчингийн "Монгол хэл" шүлгийг угалз, эвхмэл тэг-ээр ингэж
бичиж үзье гээд монгол бичгийн уран бичлэгүүдийг их сонирхож хардаг. Ер нь "Хүмүүн бичиг" сонин, "Монголын сайхан бичигтэн" олон улсын
уралдаанууд хүүхдүүдэд үндэсний бичиг соёлоо сонирхон судлах, шимтэн сурах олон
чадварыг өгч байна.
-Энэ жилийн Монголын сайхан бичигтэн олон улсын уралдаанд
ангиараа оролцсон гэсэн. Ямар бүтээлээр оролцов?
-2024-2025 оны "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны анги нийтийн төрөлд бид ангиараа оролцсон. Цогдоржийн Бавуудоржийн “Монгол бичиг” шүлгийг даавуун дээр бичиж бүтээл хийсэн. 2024 онд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиосон. Тиймээс бид “Монгол бичиг” шүлгийг сонгож, Монгол улсын төрийн далбааны суурь дэвсгэрийг бэлгэдэн хөх, улаан хөх дэвсгэрийг шар цацгаар чимэглэж, шүлгээ монгол бичгээр шар өнгийн бронзоор бийрээр бичиж бүтээл хийлээ. Монголчуудын бичиг соёл, өдтэй бичгээс эхэлсэн гэж үзээд бадаг бүрдээ бийр зурж, шувууны өдийг байрлуулсан.
Чингис хааны үеийн алтан гэрэгэг бэлгэдэж “Монгол бичиг” гэсэн гарчгаа бичиж байдаг бүрээр нь байршуулсан. Гэрэгэ нь жуух бичиг, баталгаа, гэрчлэх тэмдэг гэсэн утгатай монгол үг юм.
Энэ бүтээл маань байрт шалгараагүй ч гэлээ бид бүтээлээрээ улсын уралдаанд оролцсон нь чухал байлаа. Ямарваа нэгэн бүтээлийг хийхэд утга төгөлдөр санаагаа олох, түүнийгээ амьдруулах, бүтээх нь чухал. Тиймээс бид ангиараа маш их ярилцдаг. Тэгж байж бүтээл бий болдог. Энэ бүтээлийг бид хоёр сарын турш бичиж бүтээсэн. Хүүхдүүдийн маань эцэг эхчүүд ч мөн хамтарч дэмжиж оролцсон. Өнөөдрийн байдлаар ангийнхаа хүүхдүүдэд каллиграф буюу бийрэн бичлэгээр бичих сургалтыг өгч байна. Хулсан үзгийн тиг-ээр монгол бичгээр бүтээл хийж байгаа хэд хэдэн хүүхэд бий.
Зөвхөн ангийнхандаа гэхээсээ илүү сургуулийнхаа хичээл заадаг ангийн хүүхдүүдийг уран бичлэгийн сургалтдаа хамруулан сургаж байна. Давхардсан тоогоор 30 орчим хүүхэд уран бичлэгийн сургалтад хамрагдаж байна. Монгол бичгээс гадна хүрэл тулга, уран жиргээ уралдаанд хүүхдүүдээ бэлтгэн сургаж байна.
Чамгүй олон шавь нар маань амжилт үзүүлж байна. Монгол бичиг гэхгүйгээр хэл соёл гэдгээр нь монгол хэл, уран зохиол, монгол бичиг гэсэн хичээлүүдийг хүүхдүүдэд аль болох жигд зааж, тэдний хүсэл сонирхлыг нь хөгжүүлж, ур чадварыг нь сайжруулах. Цаашид эх хэлээрээ зөв алдаагүй бичиж зөв ярьж сурах гэхчлэн бусад хичээлийн суурь мэдлэгийг нь хангалттай сайн өгөхийг хичээн ажиллаж байна. Манай ангийнхан одоо “Вансэмбэрүү” уралдаанд оролцохоор бэлтгэж байна.
-Танд баярлалаа. Уралдаанд нь амжилт хүсье.
Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд оролцсон "Монгол бичиг" бүтээл
Хүүхдүүд өөрсдийн бүтээлээ үзэсгэлэн үзэж байгаа үе тэнгийнхэндээ тайлбарлан таниулж байна
Үзэсгэлэнг давхардсан тоогоор 250 гаруй багш суралцагч үзжээ
86 ангийн суралцагчдын Монголын сайхан бичигтэн олон улсын уралдааны шагналт бүтээлүүд
Б.Бямбасүрэн багштай 8б ангийн хамт олон