ДОРНОГОВЬ: Тэмээний сэдэвт соёлын биет бус өвийн уралдаанд 60 гаруй ардын авьяастан оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-12 10:26:09

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд Хилэнцтэй хөшөөний орчимд болсон “Их говийн тэмээ-2025” наадмын сонин содон бүхнээс хүргэж байна.


Энэ удаагийн тэмээний наадамд аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс нүүдэлч малчдын уламжилж ирсэн таван хошуу малыг гаршуулан маллах арга ухаан, малын ноос үсийг хэрхэн боловсруулах хийгээд соёлын биет бус өвийн уламжлалт гар урлалын ай савын өвлөн уламжлагчдын талаарх тэмээ, тэмээний холбогдолтой бүтээлийн тусгай үзэсгэлэн дэглэсэн юм.



Музейн боловсролын хөтөлбөрт монгол гэр, шагайн наадгай, алаг мэлхий өрөх, бөгж нийлүүлэх зэрэг хөтөлбөрөөс гадна өвлөн уламжлагчидтай хамтран тэмээний ноосоор (зогдроор) дээс томох, утас ээрэх үзүүлбэрийг үзүүлжээ. Дээрх боловсролын хөтөлбөрт 650 хүүхэд багачууд хамрагдсан бол үзэсгэлэнг нийт 1242 үзэгч үзсэнээс 468 хүүхэд, 774 насанд хүрэгчид үзжээ.


Үүнээс гадна тэмээ, тэмээчний сэдэвт дуу, шүлэг, соёлын биет бус өвийн тайзны үзүүлбэрийн уралдаан зохион байгуулахад 14 сумын 60 ардын авьяастан оролцлоо. Тэргүүн байрт Сайхандулаан сумын ардын авьяастнууд, дэд байрт Айраг сумын ардын авьяастан Х.Цэрэнчимэг, гутгаар байрт Замын-Үүд сумын ардын авьяастнууд, дөрөвдүгээр байрт Улаанбадрах сумын ардын авьяастан Л.Билгүүнтөгс шалгарсан байна.

Холбоотой мэдээ