Д.Трампын татварын улмаас хуванцар савыг түлхүү хэрэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-02-12 16:21:03

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 12 /BBC/. АНУ-д нийлүүлж буй хөнгөн цагаанд татвар ногдуулах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээс үүдэн хөнгөн цагаан лаазны үнэ нэмэгдвэл ундааг хуванцар саванд савлан зарна гэж Кока-Кола” компанийн гүйцэтгэх захирал Жеймс Квинси хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ мэдэгджээ. 


АНУ-д нийлүүлж буй бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн импортын татвар ногдуулах тухай Трампын зарлиг гарсны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Уг шийдвэр нь тус улсад лаазалсан хүнс, ундааны үнэ өсөхөд хүргэж болзошгүй юм. Байгаль орчныг хамгаалагч байгууллагууд “Кока-Кола”-г зургаан жил дараалан дэлхийн хамгийн том хуванцар бохирдол үүсгэгч” гэж нэрлэж байна.


Сүүлийн жилүүдэд “Кока-Кола” маркетинг, тогтвортой байдлын стратегийн хүрээнд бүтээгдэхүүнүүдээ хөнгөн цагаан саванд худалдаалж байгаа ажээ. Хэдийгээр өртөг ихтэй боловч хөнгөн цагаан лаазыг олон дахин боловсруулах боломжтой гэдгээрээ давуу талтай.


АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, АНУ хэрэглэж буй хөнгөн цагааны тэн хагас орчмыг импортолдог тул импортын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах нь лаазны үнэ өсөхөд нөлөөлж болзошгүй юм. Д.Трамп 2018 онд анх гангийн импортод татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа лааз үйлдвэрлэгчид импортын татвараас чөлөөлөгдөж байсан юм. Харин энэ удаад Д.Трамп татвараас чөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна.


Энэ долоо хоногийн эхээр Д.Трамп хуванцар бохирдлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлж болзошгүй өөр нэгэн зарлигт гарын үсэг зурсан нь хуванцар соруулыг цаасан соруулаар солихыг цуцлах тухай шийдвэр байлаа. Ингэснээр хуванцар бохирдлыг хямрал гэж тодорхойлж байсан Ерөнхийлөгч асан Жо Байдены шийдвэр хүчингүй болж байна.



Холбоотой мэдээ