УВС: “Ойрад” ХЖТ-ынхан шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-14 12:22:48

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 15.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Ойрад Хөгжимт жүжгийн театрын шинэ барилгыг Дүрт-Уул компани 2019-2025 оны хооронд барьж, ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.


Тус барилга нь 640 хүний суудалтай 3 давхар, 350 орчим хүний үзэсгэлэнгийн танхимтай 8 машины гарааштай байна. 


1972 онд ашиглалтад орсон нэг давхар барилгад тус театр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ийнхүү 53 жилийн дараа шинэ байранд орж байна.


Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас гадна Ардын жүжигчин А.Долгор, Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар нар оролцлоо.


Тус театраас МУГЖ Ч.Загиржав, Э.Тойвгоо, Ж.Жавзмаа, Ц.Амараа, Ч.Батцэнд нарын алдар суутнууд төрөн гарсан бөгөөд өдгөө олон сайхан дуучин тодорч, түмэн олондоо ая дуугаа өргөсөөр явна. 


Ойрад театр нь 70 гаруй уран бүтээлчтэй ба бүжиг анги, дууны анги, хөгжим анги, жүжиг анги, захиргаа удирдлага, үйлчилгээний алба гэсэн нэгж албадтай. Тус театрын хамт олон сүүлийн 10 жилд түүхийн ухааны доктор На.Сүхбаатарын зохиол "Ээрэн хүрээ", "Шарс отгийнхон хаана явна", "Тэнгэрийн сэнтий" дуулалт жижгүүдийг найруулан олны хүртээл болгож, Монгол Улсын томоохон гурван хот болон ОХУ-ын Халимаг, Тува улсад бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглосон юм. Мөн 2023 онд тохиосон теартынхаа 50 жилийн ойгоор "Иклийн чуулга" бүрэн хэмжээний концертыг үзэгч олны хүртээл болгосон байна.


Тус театрын уран бүтээлчид ардын язгуур урлагийн болон олон улсын чанартай томоохон уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсоор байна.


Холбоотой мэдээ