Бакугийн “Их дуулга”-д Монголын таван жүдоч зодоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ![](/files/67aea92232656.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Азербайжаны Баку хотод өнөөдөр эхэлнэ.
Тус “Их дуулга” тэмцээнд 36 орны 258 тамирчин зодоглохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 52 кг-д нийт таван тамирчин өрсөлдөх юм. Бакугийн “Их дуулга”-д Японоос Нацүми Цүнадо, Абэ Үта, Момо Тамаоки, Рюүжү Нагаяма, Рёома Танака, Дота Арай, Санширо Мүрао тэргүүтэй шилдгүүд очсон нь тэмцээний нэр хүндийг улам өргөж байна.
Тэмцээний сугалаа өчигдөр гарсан бөгөөд 60 кг-д 20 тамирчин зодоглоно. Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Н.Мэндсайхан “В” хэсэгт багтаж, Азербайжаны шилдэг бөх Балабай Агаевтай шууд таарлаа. Тэгвэл М.Тэргэлсар дэвжээний эзэн Мурад Мурадлитай барилдахаар сугалаа татсан.
Харин 66 кг-д Б.Нямренчин “А” хэсэгт эхний тойрогт Германы Мартин Сезтэй таарсан бол А.Азбаатарын эхний өрсөлдөгч нь Монтенгрогийн Юсуф Нуркович аж. Түүнийг ялбал Японы шилдэг жүдоч Рёома Танакатай барилдах нь ээ. Энэ жинд АНУ-ын нэрийн өмнөөс Э.Билэгт хэмээх 19 настай монгол хүү зодоглохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл 52 кг-д залуу мастер Б.Уранзаяа Испанийн Санчезтай барилдана. Ялбал шууд их шөвөгт, ялагдвал дагах барилдаанд зодоглох юм.
Бакугийн “Их дуулга”-ын медалийн төлөөх барилдааныг С1 телевиз гурав хоногийн турш эх орон даяар шууд дамжуулна.