НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53 тэрбум ам.доллар шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-02-14 17:14:05

ЖЕНЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 14 /NHK/. Газын зурвасыг сэргээн босгоход хамгийн багадаа 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэж НҮБ мэдэгджээ. Израилын тал болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр байгуулаад буй энэ үед сэргээн босгох зардлын талаарх урьдчилсан үнэлгээний тайланг танилцуулсан байна


Газын зурваст байшин барилгын 60 гаруй хувь, авто замын 65 гаруй хувь, сургуулиудын 88 хувь нь эвдэрч сүйдсэн гэж тайланд дурджээ. Иймд барилгын салбарт 15.2 тэрбум, худалдаа, аж үйлдвэрийн салбарт 6.9 тэрбум, хөдөө аж ахуйн салбарт 4.2 тэрбум, тээврийн салбарт 2.9 тэрбум, ус, ариун цэврийн байгууламжид 2.7 тэрбум, боловсролын салбарт 2.6 тэрбум ам.доллар тус тус шаардлагатай байгаа ажээ. 


Мөн Израил-ХАМАС-ын хооронд жил гаруй үргэлжилсэн дайны улмаас тус зурваст 50 сая гаруй тонн хог хаягдал үүссэн гэж тооцоолсон байна. Энэ их хэмжээний хог хаягдал дунд тэсрээгүй зэр зэвсэг, аюултай материалууд байгаа нь зайлуулж цэвэрлэх ажлыг хүнд хэцүү, зардал ихтэй болгож байгаа ажээ. 

Холбоотой мэдээ