ДАРХАН-УУЛ: Орхон сумыг загвар сум болгон хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-02-18 16:38:37

Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймгийн Орхон сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Тус сум хуучин жимс, ногооны сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан бөгөөд энэ онцлогт тулгуурлан Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Орхон сумыг нарийн ногоо, жимс жимсгэнийн загвар сум болгон хөгжүүлэх бодлогыг сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм.


Хүнсний хувьсгал хөдөлгөөний үндсэн гол цөм нь эх орны хөрсөнд эрүүл хүнсний ногоо тариалах. Тиймээс газар тариалан, тэр дундаа төмс, хүнсний ногооны голлох сумыг загвар болон хөгжүүлэхэд бодлогоор дэмжинэ гэв.


Орхон сумын иргэдийн усалгааны гол үндсэн үүсгүүр нь Шарын гол юм. Сумын удирдлагууд Шарын голын услалтын системийн барилга хэсэгт хөв цөөрөм барих ажлын зураг, төсвийг шинээр боловсруулсан бөгөөд найдвартай усалгааг цаашид бий болгох зорилготой гэдгээ энэ үеэр танилцуулав.


Уг услалтын системийн хөв цөөрөм байгуулах ажлыг олон улсын төсөл, хөтөлбөрт хамруулж хэрэгжүүлэх чиглэл өгч, уг ажлыг бодлогоор дэмжин ажиллахаа салбарын сайд илэрхийллээ.


Ташрамд, Орхон сум 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жимс, жимсгэнийн плантаци, ногооны талбайд ойн зурвас байгуулах ажил хийх ажээ.



Холбоотой мэдээ