ДАРХАН-УУЛ: Цахилгааны инженер мэргэжлийг сурталчлах олимпиад хоёр дахь жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-02-21 15:36:59

Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Цахилгааны инженер мэргэжлийг төгсөх ангийн сурагчдад сурталчлах зорилгоор төвийн бүсийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд “ДСЦТС-2025" физикийн олимпиад зохион явууллаа. 


Цахилгаан эрчим хүчийг төвийн бүсэд түгээгч Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ /ДСЦТС/ ХК-иас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг олимпиад нь сурагчдад ЭЕШ-ын өмнө сорилго болдгоороо онцлог юм.




Түүнчлэн мэргэжлээ хэрхэн сонгох, тухайн мэргэжлээр суралцахад тодорхой мэдээлэл өгөх, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах зэрэг давуу талтай.


Тус олимпиадад Дархан Уул аймгийн Дархан, Хонгор , Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сум, Төв аймгийн Жаргалант, Цээл сумын нийт 140 сурагч бүртгүүлснээс 104 сурагч оролцож, мэдлэг оюунаа уралдууллаа.


Нийлбэр дүнг харгалзан эхний 5 байрыг шалгаруулсан байна.

ДСЦТС-2025" физикийн олимпиадын тэргүүн байрт “Монгол-Оюу сургуулийн сурагч Г.Баярзул шалгарч өргөмжлөл 800.000 төгрөг, хоёрдугаар байрт "Оюуны ирээдүй" сургуулийн сурагч М.Золжаргал шалгарч 600.000 төгрөг, өргөмжлөл, гуравдугаар байрт "Монгол-Оюу" сургуулийн сурагч Ж.Оргил, "Дархан Импати" сургуулийн сурагч Т.Сувд нар шалгарч тус бүр 300.000 төгрөг өргөмжлөл, тусгай байрт "Оюуны ирээдүй" сургуулийн сурагч А.Мөнхбилиг шалгарч өргөмжлөл, 200.000 төгрөгөөр шагнууллаа.


Энэ удаагийн олимпиадад гуравдугаар байрт орсон хоёр сурагчийн оноо тэнцсэн бөгөөд эхний 10 байрт орсон сурагчид хоорондоо онооны хувьд ойролцоо байсныг зохион байгуулагчид онцолж байлаа.



Холбоотой мэдээ