ХОВД: Улсын аварга малчин Ч.Чулуунхорол сүү цагаан идээнээс гадна хонины ноосоор ширдэг, оймс хийж зах зээлд нийлүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Дөргөн сумын Аргалант багийн малчин Ч.Чулуунхорол энэ жил улсын аварга малчин цолоор энгэрээ мялаалаа.
Ч.Чулуунхорол
36 жил мал маллаж байна. Тэрбээр мал
сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлдэг. Ингэхдээ нутгийн онцлогт
тохируулан тэмээн сүргийг голлон анхаарч байгаа юм.
Эднийх 2022 онд 1625, 2023 онд 1627, 2024 онд 1730 толгой мал тоолуулсан бөгөөд 2022 онд 897, 2023 онд 874, 2024 онд 926 эх малаас 100 хувь төл бойжуулжээ.
Хээлтэгч малыг тогтвортой өсгөж, хээлтэгчийн хувийн жинг бод малд 40.0-66.7 хувь, бог малд 55.0-60.0 хувьд хүргэсэн нь мал сүргээ үр төлөөр нь өсгөх үндсэн нөхцөл болж буй.
Улсын
аварга малчин Ч.Чулуунхоролынх сүү цагаан идээ боловсруулахын зэрэгцээ хонины
ноосоор ширдэг, оймс зэргийг хийж зах зээлд нийлүүлдэг.
Өөрийн
мал маллах арга туршлагаа хоёр хүүдээ зааж, өвлүүлж буй Ч.Чулуунхорол гуай жил
бүр өвөлжилтийн бэлтгэл хийдэг. Тэрбээр
2024 онд 22 тонн байгалийн хадлан (өвс), 300 кг гар тэжээл, 1.5 тонн хорголжин
тэжээл, 5 тонн хужир шүү бэлтгэжээ.
Эднийх
дөрвөн малын хашаатай, хаваржаа болох Хавчиг, Цахир гэх газарт худагтай. Энэ худгаас эргэн тойрны 5-6 суурийн хүн, мал
ундаалдаг. Худаг нь үерийн улмаас дарагдаж устсан байсныг 2024 онд хувиасаа
санхүүжилт гарган сэргээжээ. Ингэснээр ойролцоо
хаварждаг малчдад том хөрөнгө оруулалт болж, бэлчээрийн талхагдал ч багассан
байна.
Мөн
сүүлийн гурван жилд 357 толгой малыг хоёр малчин өрхөд өгч малжуулжээ.
Сар шинийн босгон дээр Ховд аймгаас улсын хошой аварга малчин өрх нэг, аварга малчин өрх 9, аварга саальчин нэг, аварга тариаланч хоёр тодорсон юм.
Шинэ аваргуудын шагналыг сар шинийн баярын өмнө тусгай хуваарийн дагуу гардуулан өгч байна.