Сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын чиглэлийн төслийг хэрэгжүүлэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Манай улсад сэргээгдэх эрчим хүч, орон сууцны үр ашгийг нэмэх, хог хаягдал, газрын доройтлын чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь үр дүнтэй байна.
Учир нь хүлэмжийн хийн ялгарал багасах тул хөрөнгө оруулалт татах боломжтойг НҮБХХ, БОУАӨЯ хамтран зохион байгуулсан "Монгол Улс-Уур амьсгалын сан" олон талт хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байлаа.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа
хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ,
“Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт нь хүн
төрөлхтний өмнө тулгарч буй сорилт болоод байгааг судлан, хариу арга хэмжээ авч, үр дүнтэй хамтран ажиллахыг
анхааруулж байгаа. Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.5 градусаар
дулаарч, өвлийн хур тунадас нэмэгдэж, зуных нь буурсан. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрчим ч олширлоо. Иймд уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөөлөл нь нүүдлийн
мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд
бүтэц, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин болон эрүүл мэнд боловсрол гээд бүх салбарт гарз хохирол дагуулж байна. Манай улс НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь
конвенцид суурилан үндэсний
хөтөлбөр, ногоон хөгжлийн бодлогоо боловсруулж
хэрэгжүүлж ирсэн. Уур амьсгалын ногоон сантай
үр дүнтэй хамтран ажиллаж, өнгөрсөн 10-аад
жилд нэлээд төсөл боловсруулсан. Сайдын хувьд бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахад анхаарч, төр хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага зэрэг олон талыг оролцуулж, хамтын
ажиллагааны өөрчлөлт шинэчлэлт хийнэ” хэмээв.
Монгол Улс, Уур амьсгалын ногоон сан хооронд өөрчлөлт шинэчлэл хийх баримт бичиг боловсруулсантай холбоотой цаашдын хамтын ажиллагаа, төслүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшилд ямар бэрхшээл тулгарч байгаа, аль чиглэлийн төслийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэх тухай ярилцав. Манай улсын хувьд шийдэл, санхүүжилт, механизм нь тодорхой учир сэргээгдэх эх төсөл хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэж үзжээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр хамтран боловсруулсан 408 сая ам.долларын төслүүдээс манай улсад 65 сая ам.доллар нь орж иржээ. Энэ нь төслүүдийн дөнгөж 15 хувь нь амжилттай хэрэгжсэн гэсэн үг аж. Цаашид удааширч буй үйл ажиллагаа, төслийг түргэтгэх, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад үр дүнтэй хамтран ажиллах боломжтойг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэж байлаа.
Уур амьсгалын
ногоон сан нь олон улсын уур амьсгалын чиглэлийн хамгийн том сан бөгөөд хөгжиж буй улсуудад хүлэмжийн хийн ялгарал бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй
хөгжлийг цогцлооход техник, санхүүгийн
дэмжлэг үзүүлэх, уур амьсгалын
өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтыг дэмжих зорилготой юм.