ЗАВХАН: Түрэгийн үед хамаарах хүн чулуун хөшөө олон байдаг
ФОТО МЭДЭЭ
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймагт түрэгийн үеийн хүн чулуун хөшөө дурсгалууд, буган чулуу, эртний хотын туурь, балгас, сүг
зураг, XVIII
зууны үеийн цэргийн цайз, хүрээ хийд, дуган, сүмийн туурь бүхий 100 шахам түүх
дурсгалын өв хамгаалалтад байна. Эдгээрээс хамгийн олон нь хүн чулуун
хөшөө дурсгалууд юм.
Түрэгийн үеийн тайлгын онгоны нэг бүрэлдэхүүн хэсэг болох хүн чулуун хөшөө нь тухайн үеийн хүмүүсийн төрх байдал, хувцас өмсгөл, эд хэрэглэл, гоёл чимэг, зэр зэвсгийн төрөл зүйл, тэдгээрийн онцлог зэргийг сэргээн тодруулж судлахад онцгой ач холбогдолтой. Эх сурвалж баримт төдийгүй тэр үеийн дүрслэх урлагийн хөгжил, гоо сайхны үзлийн хэмжээ түвшнийг илтгэн харуулдаг байна.
Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 16 км зайд Урт булгийн дөрөлж хэмээх газар орших тахилын онгонтой гурван хүн чулуун хөшөө бий.
Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 35 км зайд Айраг нуурын баруун голын ард орших хоёр тахилын байгууламжтай зэл чулуутай, хоёр хүн чулуун хөшөө бий.
Уг хоёр хөшөөг гурвалжин модон хашаа барьж хамгаалалт хийжээ. Нэгдүгээр хүн чулуун хөшөөний өндөр нь 1.35 м, өргөн 33 см, зузаан нь 16 см байна. Хоёрдугаар хүн чулуун хөшөөний өндөр нь 1.75 м, өргөн 22 см, зузаан нь 14 см байна.
Завхан аймгийн Сонгино сумын Тариат багийн нутаг, сумын төвөөс баруун урд 25 км зайд Баянгол хэмээх газар орших 4 тахилын онгон болон 4 хүн чулуун хөшөө бий.
Хоёрдугаар хүн чулуун хөшөө болон гурав, дөрөвдүгээр хүн чулуун хөшөө нь нэгдүгээр хүн чулуун хөшөөнөөс 150 м зайд байна. Хоёрдугаар хүн чулуун хөшөөний хэмжээ өндөр нь 55 см, өргөн 34 см, зузаан нь 16 см байна.
Гуравдугаар хүн чулуун хөшөөний хэмжээ өндөр нь 70 см, өргөн 46 см, зузаан нь 9 см. Дөрөвдүгээр хүн чулуун хөшөөний хэмжээ өндөр нь 91 см, өргөн 39 см, зузаан нь 13 см байна.
Завхан аймгийн Сонгино сумын
Тариат багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 35 км зайд Дунд улааны өндөр дэнж
хэмээх газар орших хоёр хүн чулуутай тахилын байгууламж бий. Нэгдүгээр хөшөөний
өндөр 85 см, өргөн 34 см, зузаан нь 30 см, 4х3.30 м тахилын байгууламжтай.
Хоёрдугаар хүн чулууны өндөр 85 см, өргөн 36 см, зузаан нь 30 см, 3.30х3.40 м тахилын байгууламжтай.
Завхан аймгийн Сонгино сумын
Айраг нуур багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 35 км зайд Сэнжийн ар хэмээх
газар орших хүн чулуун хөшөө.
Нэгдүгээр хүн чулуун хөшөөний өндөр нь 143 см, өргөн 50 см, зузаан нь 13 см. Хоёрдугаар хүн чулуун хөшөө өндөр нь 47 см, өргөн 27 см, зузаан 5 см. Гуравдугаар хүн чулуун хөшөө өндөр 78 см, өргөн 33 см, зузаан нь 13 см байна.
Завхан аймгийн Сантмаргаз сумын
Баян-Улаан багийн нутаг, сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км зайд Хар Ямаат
хэмээх тахилын байгууламжтай хүн чулуун хөшөө.
4х4 м хэмжээтэй тахилын байгууламжтай. Хүн чулууны өндөр 67 см, өргөн 34 см, зузаан нь 7 см хэмжээтэй.
Завхан аймгийн Сантмаргаз сумын
Баян-Улаан багийн нутаг, баруун зүгт 48 км зайд Их Маргазын дөрөлж
хэмээх газар орших хөшөө чулуу
Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг, сумын төвөөс зүүн урд зүгт 20 орчим км зайд
Хөх тээвийн бүлэг газар орших тахилын онгон болон хүн чулуу хөшөө. 240х240 см хэмжээтэй тахилын онгонтой. Хашлага чулуу нь хээтэй. Хүн чулууны хэмжээ өндөр 96 см, өргөн 74 см, зузаан нь 30 см.
Хүн чулуу нь хоногонд орох суурьтай.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан
сумын Мөсөн багийн нутаг, сумын төвөөс зүүн хойд зүгт 54 км зайд Гүнгийн Ар
хэмээх газар орших зэрэгцээ хоёр тахилын байгууламжтай хоёр хүн чулуун хөшөө
бий. Нэгдүгээр хүн чулууны өндөр 102 см, өргөн 41 см, зузаан 43 см. Хоёрдугаар
хүн чулууны өндөр 90 см, өргөн нь 32 см, зузаан нь 14 см.
Яруу сумын Зүйл багийн нутаг,
сумын төвөөс баруун урд зүгт 7 км зайд Галтын адаг хэмээх газар орших хоёр
тахилын онгонтой хүн чулуун хөшөө бий. Нэгдүгээр хүн чулууны өндөр 103 см,
өргөн 33 см, зузаан нь 13 см. Хоёрдугаар хүн чулууны өндөр нь 97 см, өргөн 45 см,
зузаан нь 29 см.
Баруун гар талын Хүн чулуун хөшөө нь Яруу сумын Хэц улаан багийн нутаг, сумын төвөөс урд зүгт 3 км зайд Далиугийн адаг хэмээх газар оршдог. Хөшөө чулуу нь 117 см, өргөн 36 см, зузаан нь 30 см.