АРХАНГАЙ: “Багахангай” ХХК Дархан-172 сортын үрийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-26 12:35:30

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын 17 дугаар жарны могой жилийн сар шинийн баярын босгон дээр Архангай аймгаас улсын хошой аварга тариаланч тодорлоо. 


Төвшрүүлэх суманд үйл ажиллагаа явуулдаг “Багахангай” ХХК нь 30 гаруй жил газар тариалангийн үйлдвэрлэлд үр бүтээлтэй ажиллаж, 1665 га эргэлтийн талбайтай, 12 ажилтантай, улаанбуудай тариалж, хураахад шаардлагатай бүх төрлийн техник, тоног төхөөрөмж болон үр хадгалах силостой болжээ. Тус компани ийнхүү 2016 оноос хойш улсын гурван удаагийн аварга тариаланч хамт олон болж байгаа юм.


Нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр сумын эмзэг бүлгийн хүмүүст дэмжлэг үзүүлэн тэтгэмж олгож, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, урамшуулж рашаан сувилалд болон гадаадын аялалд явуулдаг. Мөн тариалангийн талбайн дэргэд ажилчдын байр барьж, цэвэр бохир, дулаан, цахилгааны асуудлыг бие даасан байдлаар бүрэн шийдвэрлэсэн нь ажилчдыг тав тухтай ажиллах боломжийг бүрдүүлээд байна.


Олон төрлийн улаанбуудайн сортын үрээс орон нутгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон “Дархан-34” сортыг нутагшуулсан бөгөөд 2023 онд Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран 23 сортын туршилт, судалгааны ажил хийж, үүнээс шалгарсан “Дархан-172” сортыг 2024 оноос үйлдвэрлэлд нэвтрүүлэн туршиж, газар тариалангийн үйлдвэрлэлд дорвитой хувь нэмэр оруулан нутгийн тариаланчдыг чанар сайтай үрээр хангаж байна.


Хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор бууцаар бордож, царгасыг уриншинд тариалж байсан. Сүүлийн жилүүдэд хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор нийт тариалангийн талбайг зурвасанд шилжүүлсэн бөгөөд хураалтын дараа буудайн сүрлийг хэрчиж цацах, тэг элдэншүүлэлт болох зөвхөн нэг явалтаар олон үйлдлийг хийх, мөн хөрсийг хөндөхгүйгээр химийн уринш хийж байгаа зэрэг нь тариалангийн талбайн хөрсийг салхинд хийсч, үржил шим алдагдахаас хамгаасан ажил болжээ.


Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 га газарт тариалангийн талбайн ойн зурвас байгуулаад байна.


Орон нутагтаа 2012 оноос одоог хүртэл улаанбуудайн гурил болон халтар арвайн гурил үйлдвэрлэн, орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж байгаа бөгөөд энэ жил гурилын чанарыг сайжруулах зорилгоор засвар үйлчилгээ хийжээ. Ийнхүү орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ард иргэдийн амжиргаанд чухал дэмжлэг үзүүлсээр байна.


Тус компани нь өнгөрсөн намар улаанбуудай 15.2 цн/га, арвай 15.0 цн/га, хошуу будаа 20.0 цн/га ургац хураан авчээ.









Холбоотой мэдээ