С.Чулуун: Чингис хааны алтан хөшөөг захиалгаар Флоренцод нэг жилийн хугацаанд хийлгүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-01 10:07:53

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунаас Чингис хааны алтан хөшөө бүтсэн түүхээс тодрууллаа.


Тэрбээр, "Төрт ёсны 2000 жилийн түүхийг баринтагласан музейдээ эзэн Чингис хааныгаа Их шүтээн болгон залж байгаа нь монголчууд бидний хувьд дахин давтагдашгүй үйл явдал болж байна" хэмээн тодотгоод, “Чингис хаан Үндэсний музейг байгуулах түүхэн шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2019 онд Засгийн газраар шийдвэрлүүлж байсан. Түүнчлэн “Чингис хаан Үндэсний музей нь шүтээн музей байх ёстой” хэмээн Их хааныхаа алтан биеийг бүтээх анхны санаачилгыг гаргасан. 


Хөшөөний эх загварыг эцэслэхэд хоёр жилийн хугацаа зарцуулсан. Түүхч, эрдэмтэн судлаачдын санал санаачилгыг шингээн баяжуулсаар 2022 оны сүүлчээр эх загварыг баталсан. Ингээд Монголбанкны 100 хувийн санхүүжилтээр алдарт уран бүтээлчдийн өлгий нутаг Италийн Флоренцод захиалан хийлгүүлсэн. Италичууд Монголбанктай байгуулсан гэрээ ёсоор яг нэг жил нэг хоногийн дараа хүлээлгэж өгсөн" хэмээн онцолсон юм.


Хөшөөний бүх хээ чимэглэл, эд хэрэгслийн дүрслэл нь Монголын эзэнт гүрний түүх болон бусад цаг үеийн түүхэнд холбогдох хаад язгууртнуудын эд өлгийн зүйлсээс санаа авч, сэргээсэн гэдгээрээ нэн онцлог.


Тухайлбал, Их хааны дээлийн хээ нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Бухын хошуу гэдэг газраас олдсон булшнаас гарсан язгууртны дээлийн хээ юм. Өлмий дэх шатыг үл тасрах, нар зөв эргэсэн хас хээгээр чимэглэсэн. Эл хээ нь Монголын анхны төрт улс болох Хүннүгийн ширдгийн хээ юм. Хааны мутарт буй алтан тамганд “Мөнх тэнгэрийн хүчин дор Их монгол улсын далай хааны зарлиг эл булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн Чингис хааны ач, Гүег хааны тамганы дардсыг сийлсэн. 


Бид цаашдаа Их хааны хүндэтгэлийн өргөө"-г орчин үеийн технологийг ашиглан дижитал AR, QR, VR, интерактив орчныг бүрдүүлэх ажлыг шат дараатай хийнэ. Өнөөгийн түвшинд үзэгчид музейгээ үзээд, Их эзэн Чингис хаандаа хүндэтгэл илэрхийлэх орд өргөөтэй болж байгаа юм.

Чингис хаан Үндэсний музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10 000 гаруй эх үзмэрийг дэглэн үзүүлж байна.


Холбоотой мэдээ