Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шинэ Зеландын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс нар хэлэлцээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шинэ Зеландын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд Монгол Улсын ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч “гуравдагч хөрш”-Шинэ Зеланд
Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэв. Тэрбээр Шинэ Зеланд Улстай урт удаан хугацааны түншлэлийн харилцаа тогтоож хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа бөгөөд тус улсын сайн засаглал, чөлөөт зах зээлийн тогтолцоо нь Монгол Улсын хувьд үлгэр жишээ болж урт хугацааны түншлэлийн чухал хөшүүрэг болж байгааг мөн онцлов.
Хөдөө аж ахуй нь манай хоёр орны хувьд чухал салбар бөгөөд хамтын ажиллагааны боломж их байгааг талууд харилцан тэмдэглэж, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ингэхдээ мал аж ахуйн салбарт туршлага солилцох, гар ажиллагааг халж, хөдөлмөр хөнгөвчилсөн техник технологийг нэвтрүүлэх, бэлчээрийн даац, хадлан тэжээлийн чанарыг нэмэгдүүлэх, малын ашиг шимийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Шадар сайд, Гадаад хэргийн сайд ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон хоёр улсын харилцаа өдгөө 50 жилийг туулж, өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Шинэ Зеланд Улс нь Монгол Улсын хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд Монгол Улсад олгодог тэтгэлийг нэмэгдүүлэх, олон улсад танигдсан Шинэ Зеландын хөдөө аж ахуйн туршлагаасаа хуваалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа нотлов гэж ГХЯ-наас мэдээллээ.