СЭЛЭНГЭ: Монгол дээлийг энергийн хувцас хэмээдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 6 /МОНЦАМЭ/.
Монгол дээлийг энергийн хувцас хэмээдгийн учир.
Монгол дээлийн хоолойд хоёр товч,
энгэрт нь гурван товч, баруун суганд нь нэг товч, ташаанд нь хоёр товч хийж өгсөн
байдаг.
Товч бүрийг нь зангилаа
үүсгэн сампин зангидан хийж өгсөн бөгөөд товч бүр өөр
өөрийн нарийн утга учрыг агуулдаг байна.
-Тухайлбал захны дээд товчийг оёхдоо
үргэлж мэргэн, номыг тогтоон тунгааж
яваг гэж, харин хоёр дахь товчийг
үйлс нь үргэлж дэлгэрч яваг гэж оёдог байна.
-Өвөг дээдсийн
сургаалыг санаж сэрж яваг гэж энгэрийн эхний товчийг,
хийдэг бол өөрийн биеийг чинь хамгаалж яваг гэж хоёр дахь товчийг,
өчүүхэн муу үйлд бүү автаг гэж гурав дахь товчийг.
-Өвөг дээдсийн сургаалыг
санаж сэрж яваг, сурсан эрдмийг өөрийн биеэс суга юугаараа бүү гаргаг гэж
суганы товчийг.
-Ташааны дээд ба
доод товчийг үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж яв, доод дээд гэлгүй адилхан
хүмүүн билээ гэж тус бүрд нь бэлгэдэн зангидаж, шившин урладаг байна.
Монгол дээлийг аймаг угсаатнаар,
түүхэн үе үечлэлээр, хэрэглээний нөхцөлөөр,
хийсэн түүхий эдээр, угсаа язгуур зэргийг
харгалзан ангилж нэрлэдэг байна. Тодруулбал:
Аймаг угсаатнаар: Халх, дөрвөд, буриад, баяд, урианхай, дарьганга, захчин, торгууд, барга, мянгад, үзэмчин, хорчин, хотон, казах, дархад, цаатан
дээл хэмээдэг.
Монголчууд дээлийг хаана, хэзээ өмсөж эдлэхээс шалгаалж Гоёл,
Хуримын,
Отрын,
Дан,
Дотор дээл гэх мэт
ангилдаг.
Мөн хийсэн түүхий эдээр
нь хөдсөн, хурган, торгон, чийсүү, даалимбан дээл
гэж нэрлэдэг байна.
Түүнчлэн угсаа язгуураар
нь ноён дээл, хатан дээл, эхнэр дээл (халх
эхнэр дээл), хүүхдийн дээл, лам дээл хэмээн
нэрлэж заншжээ.
Үндэсний их баяр наадам, Уламжлалт
цагаан сарын баяраараа монгол түмэн үндэсний хувцас дээл гоёлоо өмсөж,
угсаатан бүр өөрсдийн өв соёлоо таниулдаг уламжлалтай.
Энэ ч утгаараа Мандах төрийн
малгай, тэгш төрийн дээл, хан төрийн хантааз, бүтэх төрийн бүс, түших төрийн
гутал хэмээн эрхэмлэн дээдэлж иржээ.