ДУНДГОВЬ: Музейн нээлттэй өдрүүдээр "Нээлттэй сан хөмрөг” үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-07 13:47:19
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд”-ийг  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар өнөөдрөөс эхлүүллээ.


“Музейн нээлттэй өдрүүд”-ийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр 2018 оноос зохион байгуулж байгаа ба Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Энэ өдрүүдэд тус аймгийн музей “Нээлттэй сан хөмрөг” үзэсгэлэн гаргаж, “Бяцхан археологчид” клуб байгуулж, 12 жил боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, “Дээлийн товч зангидах” шавь сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Тус музей 1949 онд “Орон нутгийг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдаж, аймгийн клубийн нэг өрөөнд гол төлөв орон нутгийн ашигт малтмалын дээжсээс бүрдсэн 20 гаруй үзмэртэй байсан бол өдгөө урлаг, уран сайхны 200 орчим, угсаатны зүйн холбогдолтой 1000 гаруй, шашны 1100, археологийн 1250 орчим, байгалийн 400 гаруй, палентологийн 50 гаруй, түүхийн холбогдолтой 700 гаруй үзмэртэй болжээ.

Дундговь аймгийн музей нэн эртний хүрэл зэвсгийн үе, Их Монгол улс, аймаг байгуулсан түүх, дуу хуур, аймгийн алдартан, мал аж ахуй, монголын уламжлалт тоглоом, угсаатны зүй, Зава Дамдин, ан амьтан, ашигт малтмалын үзмэрийн танхимтай.

Аймгийн музейн ялгарах гол онцлог нь хүрлийн үзмэрээр баялаг. Тус музейд МЭӨ III мянганаас VIII зуунд хамаарах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан 800 орчим хүрлийн олдвор байдаг. Хүрлийн цуглуулгад амьтны загварт унжлага, сум, хутга, олом, арал, ахуйн хэрэглээний хүрэл эдлэл хадгалагдаж байна.


Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилж, 9.00-16.00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ. 




Холбоотой мэдээ