“Бүргэдийн баяр-2025” Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2025-03-08 11:15:11

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт өнөөдөр эхэллээ.

Энэхүү баяр нь сүүлийн жилүүдэд гадаадын жуулчдын зорин ирэх урсгал нэмэгдсэн төдийгүй дотоодын жуулчид, иргэд, олон нийт очиж үзэх, агаар салхинд гарах хамгийн таатай эвент болоод байгаа юм.


Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн Монгол Улс 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн юм.


Тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг Бүргэдийн баярын эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг юм.


Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бөгөөд Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл хүрэлцэн иржээ.


Энэ үеэр

-Бүргэдтэй парад /Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт/

- Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн

- Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн

- Казах үндэсний тоглоом /көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн/ тус тус болно.

 

Хоёр өдөр үргэлжлэх "Бүргэдийн баяр-2025" үзэж сонирхох иргэдэд Улаанбаатар хотын аяллын автобус үнэ төлбөргүй үйлчлэх аж. 



Холбоотой мэдээ